Хорих ял эдэлж буй хүмүүжигчдийн олон улсын өдрийг тохиолдуулан Дэлхийн шатрын холбооноос ирэх аравдугаар сарын 13-14-нд тив хоорондын шатрын багийн аварга шалгаруулах тэмцээнийг цахимаар зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн жил тус холбооноос “Эрх чөлөөний төлөө шатар” хөтөлбөр хэрэгжүүлж, хорих ангиудад хүмүүжигчдийн дунд цахим тэмцээн зохион байгуулсан билээ. Тэгвэл уг арга хэмжээний үргэлжлэл болгож дээрх тэмцээнийг явуулахаар болсон аж. Тэмцээнд 64 баг оролцуулахаар зорьж байгаа талаар Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович өгүүлжээ. Өмнөх тэмцээний хэсгийн шатанд 31 орны 42 багийн тоглогч зургаан бүлэгт хуваагдан, хэсэг тус бүрээс хоёр шилдэг баг аваргын төлөө шалгарсан. Эрэгтэйчүүдийн төрөлд Гавьяат тамирчин Т.Батчимэг дасгалжуулагчтай Монголын баг ялагчаар тодорсон бол эмэгтэйчүүдийнхэд Гүрж улсынх тэргүүлсэн юм. Сонирхуулахад, Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шатрын шигшээ тэмцээн Хэнтий аймагт маргааш эхэлнэ.