Улсын нийслэл Улаанбаатарын, аймаг, орон нутгийн ч барилга байшин өнгө үзэмжгүй гэдэг нь жигтэйхэн. Хаана л бол хаана хэзээ мөдгүй нурах гэж байгаа юм шиг, халтайж нурмайсан байшингууд. Доторхыг нь байг гэхэд гаднаас нь цэмцийтэл өнгөлөөд нүүрээ угаасан хүүхэд шиг болгож яагаад болдоггүй юм бол. Дээхнэ үед гадаадын орнуудаас өндөр хэмжээний зочид ирэхэд хотын төвийн байшингуудыг шохойддог байлаа. Одоо яагаад орхичихсон юм бэ. Хэн хариуцаж засах, засуулах ёстой вэ гэсэн асуултад хариу хайж албаныхантай холбогдоход явж явж иргэд, оршин суугчид буруутай болж хувирсан. Үнэхээр тийм юм болов уу.
Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатартай холбогдож энэ талаар тодруулахад “Тийм ээ, үнэн. Иргэд, оршин суугчдын мэдэх хэрэг. Тэд хурлаараа хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Орон сууц бол иргэдийн хувийн өмч. Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд өмчийнхөө засварыг өөрсдөө хариуцна. Гэр хорооллынхон хашаагаа засаж, сэлбэж, цэвэрлэдэгтэй адил орон сууцын хорооллынхон ч гэсэн өөрсдөө л байрныхаа гаднах өнгө үзэмжийг сайжруулах ёстой. Энэ тухайгаа оршин суугчдын бүх гишүүний хурлаараа хэлэлцээд, тухайн жилийн хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгаад хэрэгжүүлэх ёстой юм. Тийм үүрэгтэй. Хэдий хэрийн хөрөнгө шаардлагатай байна, үүнийг оршин суугч айлууд хуваагаад гаргах зохицуулалттай. Гэтэл одоогийн байдлаар байшингийн гаднахыг өнгөлж, гадаа талбайг тохижуулах нь бүү хэл, дээвэр, цахилгаан шатыг мөнгөө нийлүүлээд янзалъя гэхээр зөвшөөрөх айл ховор болсон. “Үгүй” гэхгүй, “Тэгье” ч гэдэггүй. “Тэгье” гэсэн ч үнэн хэрэгтээ мөнгө нийлүүлдэггүй. Тэр бүү хэл тодорхой тогтоосон сар бүрийн хураамжийг ч өгдөггүй нь олон. Ийм байдлаас болоод СӨХ-д яаж ч чаддаггүй” гэсэн юм.
Хэдийгээр хуулийн зохицуулалт ийм ч төрөөс бүхнийг иргэдийн нуруун дээр хаялгүй, судалгааны үр дүнд дулааны алдагдал ихтэй, өнгө зүс гундуу 1077 байрыг 2017 оноос дулаалж, үзэмжийг нь сайжруулахаар олон улсын төсөлд хамруулаад буй юм билээ. Үүний хүрээнд Европын Холбооноос 18 сая еврогийн хөрөнгө оруулж ирэхээр болоод буй тухай М.Галбаатар нэмж хэлсэн. Цар тахал тархсантай холбоотойгоор төслийн багийнхан ирэхгүй байгаа болохоос биш, уг нь аль хэдийн бүтсэн ажил гэнэ. Өөрөөр хэлбэл, төсөл үргэлжилж байгаа аж.
Улсын хэмжээнд нэг удаа 1077 байр зассанаар нийслэлийн болон аймгийн төвүүдийн байрууд нийтээрээ өнгө орно гэсэн үг биш. Энэ бол нэг удаагийн л арга хэмжээ. Цаашдаа, алсдаа хэрхэх вэ гэдэг асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн зохицуулалтыг сайжруулахаар ажиллаж байгаа аж. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яамнаас хуулийн шинэ төсөл боловсруулжээ. Түүнчлэн төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр тус яамны вэб сайтад байршуулсан гэлээ. Гэтэл уншаад уншаад уг төслөөс тухайн байрны оршин суугчид дундын өмчлөлийн талбай болон байшингийн гаднах өнгийг хэрхэн сэргээн засах тухай мэдээлэл авч чадсангүй. Сууц өмчлөгчдийн холбоо яаж байгуулах, сан хэрхэн үүсгэх вэ гэдэгт л хариу өгч. Засвар, арчилгаа гэсэн хэсэгт иргэд амьдарч буй байрныхаа гаднах үзэмжийг сайжруулахын тулд ямар алхмыг, яаж хийж, хамтарч нэгдэх тухай ойлголт өгөхөөргүй байна. БХБЯ-наас мэдээлснээр эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж буй хоёр хуулийг нэгтгэж, дундаас нь сайжруулсан хувилбар гаргаж ирж буй гэх. Гэтэл ядаж дээр дурдсан асуултад хариулах хүчин чадалгүй, чадамжгүй төсөл боловсруулжээ гэж харж болохоор аж.
Хууль санаачлагчид, боловсруулагчид аа, хуулийн төслийг өргөн барихаар зэхэж буй Барилга, хот байгуулалтын яамныхаан, эрх зүйн уг баримт бичгийг эргэн хараач. Ойлгомжгүй, тодорхойгүй юм бүү “шахаач” гэмээр байна. Хуулийн төслийн үзэл баримтлал гээчийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хамтран баталжээ. Тэрхүү Орон сууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд дурдсанаар бол 2021 оны байдлаар улсын хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцын барилгуудын ашиглалт, үйлчилгээг нийт 1437 сууц өмчлөгчдийн холбоо, 124 мэргэжлийн байгууллага хариуцан ажиллаж буй аж. Салбарын холбогдох байгууллагуудын хамтарсан үзлэг, шалгалтаар СӨХ-дын үйл ажиллагаа ерөнхийдөө хангалттай түвшинд байна гэж үнэлэгдэж ирсэн боловч иргэд, оршин суугчдын гомдол тасардаггүй. СӨХ-ны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах нь түгээмэл байдаг ажээ. Иргэдээс төрийн холбогдох байгууллагуудад хандан гаргасан гомдлуудаас харахад хуулийн зохицуулалтууд тодорхойгүй, амьдралд нийцэхгүй байгаагаас зөрчил, маргаан голчлон гардаг юм байна.
Нийтийн зориулалттай орон сууцын дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, засвар, арчлалтын асуудал нь ашиглалтын салшгүй хэсэг. Тийм учир Орон сууцын тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг нэгтгэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, орон сууцын ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой харилцааг нэг хуулиар зохицуулан, иргэд, хууль хэрэглэгч, хэрэгжүүлэгч этгээдэд ойлгомжтой болгож, орон сууц өмчлөгчийн эрх ашигт нийцүүлэх боломж бүрдүүлэх гэнэ. Иймээс хуулиудыг нэгтгэн Орон сууц ашиглалтын тухай хуулийн төсөл болгон боловсруулжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дөрөвдүгээр бүлэгт орон сууцын засвар, арчлалтын сан гэсэн хэсэг байх аж. Үүний 25.1-т “Сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцын засвар, арчлалтын сангийн хөрөнгийн дансыг орон сууц тус бүрээр хөтөлж, найдвартай байдлыг хангаж ажиллана”, 25.2-т “Орон сууцын засвар, арчлалтын сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ” гээд сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсны хүү, санд оруулсан хандив, тусламж, бүх гишүүний хурлаас тогтоосон хэмжээгээр үүсгэх хуримтлал, бусад эх үүсвэрийг онцлон дурдсан байна. Тэгвэл 25.3-т “Сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцын засвар, арчлалтын сангийн хөрөнгийг өдөр тутмын үйл ажиллагааны зардлын данснаас тусдаа дансанд хуримтлуулж, их засварт зарцуулна”, 25.4-т “Орон сууцын засвар, арчлалтын сангийн хөрөнгийг энэ хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно”, 25.5-д “Сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцын засвар, үйлчилгээний сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг бүх гишүүдийн хуралд жил бүр тайлагнана” гэж заажээ.
Шинэчилсэн найруулгад энэ мэтээр бүрхэг, бүдэг олон заалт байгааг тодорхой болгоод, мөн өнөөгийн завхарсан байдлыг засах шийдлүүдийг тусгамаар. Тиймээс Орон сууц ашиглалтын хуулийн шинэчилсэн найруулгын төслөө сайжруулъя. Бодитоор хандъя.