Эмээлтэд байрлалтай мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр муудаж өмхийрсөн маханд тусгай бодис хийж, угааж буй бичлэг олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга (ХАБХААХХ) Х.Нямбаатараас тодрууллаа.
-Өмхий махыг бодистой хольсон гэх мэдээллийг шалгаж байгаа юу ?
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлтэд байрлалтай Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Эм Ди Си Пи” ХХК нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд маханд цагаан нунтаг бодис хольж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэх иргэдийн гомдлын дагуу тус газарт урд шөнийн 01: 30 цагт очсон. Хяналт шалгалтыг хийх үед ирэхэд хариуцсан эзэнгүй, ганцхан харуул байсан.
-Уг махнаас сорьц авч шинжилсэн үү?
-Тухайн бүтээгдэхүүнээс дээж авч, битүүмжилж хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Сорьцын хариу 72 цагийн дараа гарна.
-Тус компанийг хятадуудын хөрөнгө оруулалттай гэж байсан. Тодорхой зөвшөөрөлтэй юү?
-Уг компани нь 2018 онд улсын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагаа явуулж эхлэх байсан. Гэвч коронавируст цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд үйлдвэрлэл явуулаагүй. Харин өнгөрсөн сараас үйлдвэрлэл явуулж эхэлсэн. Гаднын хөрөнгө оруулалттай компани гэх урьдчилсан мэдээлэл байна. Хятад эзэнтэй үгүйг мэдэхгүй. Бид хяналт шалгалтыг хийж байна.