Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Польшийн анхны Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх хүрээнд бичил гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Үзэсгэлэнг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Польшийн Элчин сайд Кшыштоф Бойко нар нээв.
Польш улс Үндсэн хуультай болохоос өмнөх улс төрийн нөхцөл байдал ямар байсан, төслийг нь хэрхэн бэлтгэж, хэлэлцүүлж батлуулсан зэрэг тэр үеийн түүхийг харуулсан гэрэл зургийг тэнд дэлгэжээ. Польшийн анхны Үндсэн хуулийг 1791 онд баталжээ. Тус улсын Үндсэн хууль нь дэлхийд хоёр дахь, Европ тивийн анхных нь аж. Мөн манай улс Ази тивд дэх анхны Үндсэн хуульт орны хувьд 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуд, төрийн сүлд, туг, далбаа, тамга зэрэг тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бүхий гэрэл зураг бүхий самбарыг дэлгэн тавьсан байна.