Хөнгөн атлетикийн ахмад тамирчин, хэт холын зайн марафонч, спортын мастер Б.Вандан-Очир Монголын пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, дасгалжуулагч байхдаа тамирчдаа паралимпийн наадамд гурав, ДАШТ-д хоёр, Азийн АШТ-д дөрвөн удаа сойсныг спорт сонирхогчид андахгүй. Тухайлбал, ДАШТ-ий мөнгөн медальт, Афины паралимпэд V байрт шалгарсан Гавьяат тамирчин Ж.Лхагважав, дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт Г.Мөнхбат нар түүний шавь. Тэрбээр 2016 онд “Монгол говь” олон улсын хэт холын марафонд тив, дэлхийн шилдгүүдтэй 225 км-т хурд сорин насныхаа ангилалд түрүүлж байв. Өдгөө 60 насны босго хэдийн алхсан ч нас бол тоо гэдгийг амжилтаараа харуулж яваа түүний 1985 онд таван км-ийн зайд 14 минут, 32 секунд гүйж, улсын дээд амжилт тогтоосныг 28 жилийн дараа Гавьяат тамирчин Б.Сэр-Од хэдхэн долиор ахиулжээ. Булган аймагт өнгөрсөн гуравдугаар сард болсон сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит “Сансар 2022” марафоноос хүрэл медаль хүртэж, дараа нь “Үзэсгэлэнт Улаанбаатар цом” өртөөт марафонд түрүүлж, аварга болсон түүнтэй ярилцлаа.
-“Би гүйлтийг бясалгал гэж боддог” гэж хэлсэн таны үг санаанд орлоо. Гүйхэд хүртэл учир их байдаг биз?
-Тийм ээ, би ингэж хэлэх дуртай. Хөнгөн атлетикийг спортын хатан, хаан гэж үздэг. Энэ спортоор хичээллэснээрээ үргэлж бахархдаг. Надад тэсвэр хатуужлаас гадна эр зориг, өөрийгөө ялах ухаан хайрласан. Спортын ямар ч төрлийг сонирхсон зөв техниктэй хичээллэх нь чухал. Хүмүүс “Би гүйхийг хүсдэг ч хэрхэн гүйхээ сайн мэддэггүй” гэдэг. Зөв алхалтаас гүйлт эхэлдэг юм. Гүйхэд оюун, бодол цэгцэрч, биеийн дархлаа сэргэдэг. Хүн гүйж байхдаа олон юм бодох хэрэггүй, зөвхөн нэг зүйлд бодлоо төвлөрүүлэх нь зүйтэй. Алхах тусам гүйх хүсэл төрдөг. Алхалтаас бага багаар биеэ дасгаж гүйх хэрэгтэй. Тэр дундаа спорт алхалт эрүүл мэндэд маш тустай. Эрчтэй, хурдан алхахад элэг, зүрх, нойр булчирхай гээд дотор эрхтний өөхийг шатаана. Гар сайн хаяж гүйхэд уушги сайн ажиллаж, зүрхийг хүчилтөрөгчөөр хангадаг. Гүйх явцдаа амьсгалаа хүчтэй авч, хэсэг түгжиж гаргахад хүчилтөрөгч хангалттай авна. Үүнийг Оросын эрдэмтэд шинжлэх ухааны үндэстэй судалсан байдаг. Эрүүл мэнддээ их хөрөнгө зарахгүйгээр зөв алхалт, гүйлтээр өөрийгөө хөгжүүлэн, эмчилж болно. Миний хувьд өөрийн туршлагад тулгуурлаж, хүмүүст энэ мэтчилэн зөвлөгөө өгч, анхны мэдэгдэхүүнтэй болгохыг хүсдэг.
-43 жил тасралтгүй гүйсэн дурсамжаар тань аялбал сонирхолтой түүх олныг өгүүлэх байх даа.
-Тууштай зан минь намайг амжилтад хөтөлсөн. 43 жил гүйхдээ маш их хөдөлмөрлөсөн. Би залуудаа Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аварга шиг хөдөлмөрлөх сөн гэж хүсдэг байлаа. Завгүй байсан ч бэлтгэлээ хийгээд ажлаа эхлүүлдэг, мөн цагийг зөв төлөвлөдөг тэднээр бахархдаг. Би анх гүйж эхлэхдээ “Вандан-Очирыг ялъя” гэж боддог байв. Тэгж хичээснийхээ хүчинд тав, 10, 42 км-ийн гүйлтийн тэмцээнд найман жил хэнийг ч өмнөө оруулахгүй түрүүлсэн. Би амжилтынхаа гарааг Бүх ард түмний спартакиад наадмын алтан медалиар эхлүүлсэн. Миний хамгийн үнэ цэнтэй шагнал хүчтэй өрсөлдөгчдөө ардаа орхиж, атгасан УАШТ-ий алтан медаль байв. Хөнгөн атлетикийн спортод шилдгүүдийг ардаа орхиж, аварга болох амар байгаагүй. Миний өмнөх үеийнхнээс Ч.Найдан хамгийн шилдэг нь байлаа.
-Амжилт гаргахад шантармаар бэрхшээл алхам тутамд тань таарсан гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм үед хэцүү саадыг чухам яаж даван туулав?
-Гэр бүлийн минь тус дэм, хайр халамж, нөмөр нөөлөг амжилт гаргахад их нөлөөлсөн. Тэднийхээ ачаар хүнд хөдөлмөр, бартаа саадын ард гарсан. Манайхан миний өмнөөс сэтгэл нь зовнихдоо “Чи гүйхээ болиоч, маш хүнд төрөл шүү дээ, эндвэл яана”, хүмүүс “Вандан-Очир оо, чи ингэж гүйсээр байгаад сөхөрлөө” гэдэг байлаа. Би бэрхшээлтэй тулгарах тусам амархан бууж өгөхийг хүсдэггүй. Халшрах зүйлтэй олон таарсан ч зорьсноосоо буцаагүй. Буриадын Улаан-Үд хотод Оросын нэг шилдэг тамирчны алдрыг тэмдэглэх баярын үйл ажиллагаанд оролцсон юм. Тэрбээр “Хөнгөн атлетикийн холын зайн гүйлт бол хүнд төрөл” гэж онцолж хэлсэн. Өнгөрсөн жилүүдэд гүйсэн замаа тооцож, судалгаа хийхэд 280 000 км-т хүрсэн байв. Хэрвээ автомашин ийм зам туулсан бол эд анги нь элэгдсэн байна шүү дээ.
-Дахиж гүймээргүй санагдсан ч дараа жилийнх нь тэмцээнд оролцсон удаа танд байдаг уу?
-Би хааяа “Ингэж гүйхийн оронд байшин барьсан бол хэчнээнийг босгочихсон байх бол” гэж боддог байв. Гэхдээ шаргуу хөдөлмөрлөсөндөө харамсдаггүй. Миний гүйх бэлтгэлийн цаг хугацаа маш үнэ цэнтэй. Ямар ч ажилтай байсан гүйхдээ заавал цаг гаргадаг. Говьд долдугаар сард их халдаг. 2016 онд болсон “Gobi marathon” олон улсын олон өдрийн марафон гүйлтийн 225 км-ийн тэмцээнд 36 орны тамирчид оролцсон юм. 40 градусын халуунд Хонгорын элсний оройгоор гүйхдээ “Би дахиж гүйхгүй. Энэ сүүлчийнх болог” гэж өөртөө амлаж байлаа. Би олон жил гүйсэн ч хэр баргийн зүйлд тэгтэл нугарч байгаагүй. Тэр тэмцээний дараа тэмдэглэлийн дэвтрийн буланд “Амьдралдаа хамгийн хүнд гүйлт хийлээ. Дахиад гүйхгүй” гэж бичсэн. Тэгсэн дараа жил нь дахиад л хашрахгүй тэмцээнд оролцоод гүйж явлаа. Тамирчин хүнд ядарсан ч сөхрөх эрх байдаггүй юм. Хүний сэтгэл зүй их сонин шүү. Тэр марафонд гадаадын тамирчид эцсийн хүчээ шавхаад гүйсэн. Хамгийн сүүлчийн зургаа дахь өдөр нэг гүвээ давтал хоёр км-ийн цаана барианы туг харагдлаа. Би ч “Ашгүй бариа ойртлоо, бурхан минь ингээд зам дуусдаг юм байж” гэж хэлээд сөхөрсөн. Тэгсэн надтай зэрэгцээд шахуу гүйсэн БНСУ-ын тамирчин мөн л сөхрөөд хэвтчихлээ. Хэрвээ бариа харагдаагүй бол цааш үргэлжлүүлнэ шүү дээ. Тэгээд босоод гүйтэл нөгөө хоёр км мөд урагшлахгүй санагдаж билээ. Би тэр тэмцээнд 60-аас дээш насны ангилалд түрүүлсэн юм. Түүнээс хойш ахмадын хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцохдоо 95 настай тамирчны гүйхийг хараад зодог тайлах бодлоо бүрмөсөн орхисон.
-Хөнгөн атлетикийн тамирчид гүйхдээ ухаан зарцуулж амжилт гаргадаг юм билээ. Та ч гэсэн олон тэмцээнд ухаан гаргасан биз?
-Бөхчүүд барилдахдаа сэтгэж мэх хийдэг шиг тамирчид гүйхдээ бүхнийг тооцоолж төлөвлөдөг. Тиймээс өрсөлдөгчдөө заавал “уншиж” мэдэх хэрэгтэй. Хүмүүс гүйхэд ухаан зарцуулдгийг тэр бүр мэддэггүй. Улаан-Үдэд 2013 онд болсон хөнгөн атлетикийн ахмадын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд оролцлоо. Тэгсэн миний хажуугаар Хятадын тамирчин цахилаад цаашиллаа, араас нь ОХУ-ын тамирчин нэхэв. Өмнөх жилийн тэмцээнд орос тамирчин түрүүлж, аварга болсон юм билээ. Тэднээс миний бэлтгэл хамаагүй дутуу байлаа. Тиймээс сэтгэл зүйн бэлтгэлээ хэр базаасныг нь мэдэхийн тулд тактик хэрэглэхээр шийдсэн. Миний амьсгаа, хөлийн тавилтаас орос нөхөр намайг “уншиж” байгаа болов уу, тархинд нь нэг удаа цохилт хийгээд үзье гэж бодоод дөхөж очоод хажуугаар нь дайрахад хурд аваад урагшиллаа. Нэг хэсэг гүйж байгаад нөгөө аргаа дахин хэрэглэж, амьсгаагаа түгжээд дайрахад мөн л гүйцэгдэхгүй байв. Би тэр үед хамаг хүчээ барсан ч хурд гаргаж, түүнийг шалгаад байлаа. Уралдааны замд гурав дахь сэтгэл зүйн дайралтаа хийхээр шийдэв. Өрсөлдөгч минь надаас илүү сэтгэвэл түүнийг барахгүй шүү дээ. Эцсийн хүчээ шавхаж, амьсгаагаа түгжээд хажуугаар нь өнгөрч, тэр чигээрээ гүйсээр хүрэл медаль хүртсэн. Тэрбээр миний тактикт бүдэрч, ард үлдэхдээ намайг өөрөөсөө илүү гэж бодоод замаа орхисон юм. Хэрвээ намайг зөв “уншсан” бол амжилтаа алдахгүй байлаа. Миний хувьд түүнийг биеэрээ бус, ухаанаараа ялж медалиас атгасан.
-Хөвсгөлийн уулсаас Хорьдол сарьдагт хэр баргийн хүн зориг гаргаж авирдаггүй. Таныг оройд нь гүйж гарсныг хүмүүсээс анх дуулаад их гайхаж билээ.
-Гэрийнхэнтэйгээ Хөвсгөлд амрахаар очихдоо Хорьдол сарьдагийг хараад “Энэ уулын оройд гүйж гарах сан” гэх бодол төрсөн юм. Уулын бэлээс өгсөж гүйсээр дөрвөн цагийн дараа оройд нь гарсан. Хүн уул өөд өгсөхдөө өндрийг нь анзаардаггүй юм билээ. Гарсныхаа дараа доошоо хараад их айсан. Тэр үед “Би яаж гарсан юм бол оо” гэж бодсон. Надад Хорьдол сарьдаг бусад хайрхнаас онцгой санагдсан. Буугаад иртэл манайхан “Чи ганцаараа гүйж яваад бэртвэл яана, хүнгүй газар хаднаас унавал яаж олох юм” гээд зэмлэж билээ. Түүнээс хойш уул өөд гүйхдээ хувийн бэлтгэл хангаж, шүгэл, гар чийдэн авч явдаг болсон. Өмнө нь хангайн олон өндөр ууланд гүйхдээ Хорьдол сарьдагт гарсан шигээ эмээж байгаагүй. Ууланд гүйхэд хурд хүч, тэсвэр хатуужил илүү суудаг. Архангай аймгийн Тариат сум миний төрсөн нутаг. Тэрхийн цагаан нуурыг бүтэн өдөр тойрч, 80 км гүйж байлаа. Нуур тойрох, уулын оройд гүйж гарах мэдрэмжийг үгээр илэрхийлшгүй. Саад, бартаа ихтэй ч өөрийгөө ялна, дийлнэ гэсэн зорилго тавиад гүйдэг. Над шиг уул өөд гүйсэн олон тамирчин бий. Тухайлбал, ахмадуудаас Ц.Батсүх ах ууланд гүйхдээ сайн. Ууланд гүйхийг түүнээс анх сурч байлаа. Ингэж гүйхэд техник, хүч их шаардана. Санамсаргүй гишгэж, алдаа гаргавал хад, асгаас унаж бэртэх аюултай. Тиймээс хөлийн бэхэлгээ, таягтай явахаас гадна өмсөх гутлын ул уулын зориулалттай байх ёстой. Би өрсөлдөгчидтэйгөө сайхан нөхөрлөж, давуу талаас нь суралцдаг. Харин тэмцээний үед бид шударга өрсөлддөг шүү.
-Та хүчний байгууллагад олон жил ажилласан. Тэр үед ажлынхаа хажуугаар бэлтгэл хэрхэн хийдэг байв?
-Би залуудаа Нийслэлийн эрүүгийн цагдаа, Төмөр замын мөрдөн байцаах хэлтэс, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн дээд сургууль гээд хүчний олон байгууллагад ажилласан. Манайх тэр үед Долоон буудалд амьдардаг байв. Гурван цаг унтаад, өглөө эрт бэлтгэл хийхээр гүйнэ. Орбит хүртэл гүйж ирчихээд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа ирдэг байлаа. Залуудаа унаагаар явахаас илүү гүйхийг эрхэмлэнэ. 230 дугаар ангид эргүүлийн цагдаа, улс төрийн орлогч байхдаа цэргүүдээ гүйж эргэнэ. Энэ нь завгүй ажилладаг надад байнгын бэлтгэл болдог сон. Намайг улсын байгууллагад завгүй ажилладгийг мэддэг болохоор шигшээ багт авдаггүй байсан юм. Гэсэн ч би тэмцээн алгасалгүй оролцоно. Залуу насныхаа эрч хүчээр хүндхэн сорилтуудыг даван туулж, амрах завгүй хөдөлмөрлөсний хүчинд эрүүл саруул явна.
-Та ид гүйдэг байхдаа дасгалжуулагч Б.Батцэнгэл багшийн удирдлагад бэлтгэл хийдэг байсан гэл үү?
-Дасгалжуулагчдад сайн тамирчин, тамирчинд туршлагатай, ур чадвартай дасгалжуулагч тэр бүр таараад байдаггүй. Би залуудаа өөрийгөө улсад хэд түрүүлчихсэн сүрхий аварга гэж бодож явлаа. Тэгсэн Б.Батцэнгэл багшийн удирдлагад хичээллэсэн эхний өдрөөс ингэж боддогоосоо ичсэн. Мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлагад системтэй бэлтгэл хийж байгаагаа өөрийнхөө өмнөх үетэйгээ харьцуулаад юу ч биш байсныг ойлгосон юм. Түүний зөвлөснөөр бэлтгэл хийж, таван км-т 14 минут, 32 секунд гүйж улсын дээд амжилт тогтоож байв. Сайн дасгалжуулагч тамирчнаа хөгжүүлж, амжилтад хөтөлдгийг түүний арга барилаас харж билээ. Бид одоо ч холбоотой байдаг юм.
-Түүнийг зарчимч, өндөр шаардлага тавьдаг гэж тамирчдын ярихыг цөөнгүй сонссон. Анх хэрхэн танилцаж байсан бэ?
-Нэг өдөр ажилдаа иртэл “Үндэсний шигшээ багт байсан Б.Батцэнгэл дасгалжуулагч ирсэн” гэлээ. Тэрбээр Орост суралцаж ирээд “Хүч” нийгэмлэгт дасгалжуулагчаар ажилласан юм. Зарчимч, өндөр шаардлагатай түүний удирдлагад бэлтгэл хийхдээ “Хөөх, энэ шар залуугийн гараас амьд гардаг байгаа” гэж боддог байлаа. Тэрбээр намайг нэг удаа 400 метрт 40 удаа тойруулж гүйлгэв. Би ядарч унахдаа “Вандан-Очирыг яллаа” гэж өөртөө хэлсэн. Багш ширүүн, чанга хүн шүү дээ. Намайг сөхрөөд унахад цүнхтэй хувцсаа дээр минь шидчихээд “Босоод гүй” гээд хажуугаар явчихаж билээ. Багшийнхаа өндөр шаардлага тавьдгийн хүчинд жинхэнэ тамирчин болж, хүмүүжсэн дээ.
-Нийгэм хэцүү байх үед та Монголын паралимпийн хөнгөн атлетикийн холбооны анхны ерөнхийлөгчөөр ажиллаж, тамирчдаа гадаадын тэмцээнд оролцуулж, медалиас атгуулсан байдаг.
-Монголын паралимпийн хөнгөн атлетикийн холбооны анхны ерөнхийлөгчөөр ажиллахдаа тив, дэлхийн болон олон улсын тэмцээнд тамирчдаа оролцуулж, 136 медаль авхуулсан. Тэр үед спорт хөгжих, эсэх нь тодорхойгүй, уналтын хүндхэн жилүүд байв. Тийм хэцүү цагт урагшлуулах гэж чадлынхаа хэрээр зүтгэсэн. Өөрт байгаа бүхий л нөөц бололцоогоороо тамирчдаа дэмждэг байлаа. Би шавь нарынхаа амжилтаар бахархдаг юм.
-Хүмүүс таныг сайн таньдаг ч гэргийг тань спортоор хичээллэдгийг төдийлөн мэддэггүй байх аа?
-Ханийг минь П.Гантөмөр гэдэг. Гранд гольфоор хичээллэж, гадаад, дотоодын тэмцээнд цөөнгүй оролцсон. БНХАУ-ын Шанхайд гурав, Японд таван удаа, ӨМӨЗО-д болсон тэмцээнд амжилттай оролцсон. 2019 онд Польш улсад болсон Европын аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд 100 гаруй тамирчинтай өрсөлдөж, хүрэл медальтай ирэхэд нь их баярласан. Үүнийхээ дараахан шилдэг тамирчны шагнал хүртэж байлаа. Би залуудаа цанаар гулгаж, 50, 70 км-ийн тэмцээнд оролцдог байхдаа гэрийнхэндээ заасан юм. Эхнэр Эрхүүгийн сургуульд сурдаг байхдаа оюутнуудын дунд зохион байгуулсан цанын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв. Гүйхийн хэцүүг өөрийн биеэр туулж мэдэрсэн болохоор хүүхдүүдээ хичээллүүлээгүй. н