Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 5.14 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 690.8 сая буюу 15.5 хувиар өссөн үзүүлэлт болсныг Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэв. Дээрх хугацаанд 2.79 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь 2021 оны мөн үеийнхээс 12.1 хувиар нэмэгдсэн дүн аж. Экспортын барааны дүнд эрдэс бүтээгдэхүүн 2.33 тэрбум (83.4 хувь), сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 328.9 сая (11.7), нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 82.4 сая ам.долларыг нь (2.9) эзэлсэн байна. Эдгээрт нийт экспортын 98.1 хувь нь ногджээ.
Тэгвэл 1-4 дүгээр сард 2.34 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортолсон нь жилийн өмнөхөөс 388.1 сая “ногоон” буюу 19.8 хувиар илүү үзүүлэлт болов. Үүний 385.9 сая ам.долларыг нь (16.4 хувь) машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, 505.3 саяыг нь (21.5) эрдэс бүтээгдэхүүн (уг дүнгийн дийлэнх буюу 432.9 сая нь нефтийн бүтээгдэхүүнд ногдсон), 333.3 саяыг нь (14.2) мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл, 314.6 саяыг нь (13.4) авто агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, 244 саяыг нь (10.4) үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн, 167.9 саяыг нь (7.1) химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 83 хувь нь ногдсон гэсэн үг. Ташрамд дурдахад, манай улс 136 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос БНХАУ-д 32.3, ОХУ-д 31.1, Японд 8.6, БНСУ-д 4.6, АНУ-д 2.5 хувь нь ногдсон аж.