“Бид монгол агуулга” (БМА) нэрэн дор цугласан график дизайнеруудын төрийн бус байгууллагын 19 дизайнер нэгдэн “The Sign” үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галерейн их танхимд дэлгэлээ. Уг үзэсгэлэнгээс тэдний сүүлийн 15 жилийн бүтээлийн цуглуулга болсон 1600 орчим дүрс тэмдэгтийг үзэх боломжтой. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг бэлгэдэлт тэмдэг, үгэн тэмдэгт, үсгэн тэмдэгт, дүрс үгийн хослол, хийсвэр тэмдэгт, дүр төрх, хэлхээ үсэг, сүлд бэлгэдэл, зурган тэмдэгт гэсэн төрлүүдээр ангилан байршуулав. “The Sign” үзэсгэлэнгийн нийт бүтээлийн дийлэнх нь эцсийн бүтээл болон ашиглаж буй лого, тэмдэгт юм. Тиймдээ ч энэ үзэсгэлэн зөвхөн БМА-ын 19 дизайнераар тогтохгүй Монголын маш олон компани, брэнд, байгууллагуудын хамтын бүтээл гэж ойлгож болно.
Хэрэв та БМА-ын аль нэг дизайнертай хамтарч дүрс тэмдэгт бүтээж, бүтээлгэж байсан бол таны төсөл ч уг үзэсгэлэнд дэлгэгдэж, “The Sign” номд хэвлэгдсэн байх боломжтой билээ. Үүнээс гадна үзэсгэлэнгийн сонирхолтой хэсэг нь дизайнеруудын өөрсдийн оюун санаа, хүсэл мэдрэмжийн илэрхийлэл болсон чөлөөт уран бүтээл, зохиомжууд юм. Энэ бүхнээс та Монголын орчин цагийн дизайны хөгжил, чиг хандлагыг мэдрэх боломжтой. БМА “The Sign” үзэсгэлэнд дэлгэж байгаа бүх дүрс тэмдэгтээ нэгтгэж “The Sign” нэртэй ном гаргаж буй аж. Уг ном нь энэ сарын 20-ноос эхлэн худалдаанд гарах юм.
БМА өмнө нь “БИ+Д: Өөрөөсөө эхэлье” гэх хотжилтоос үүсээд байгаа асуудлуудыг хөндөж зурагт хуудас бүтээж, нийтэд түгээн, асуудлыг олон талаас бүтээлч байдлаар дэвшүүлж байсан билээ. Мөн мэргэжлийнхээ чиглэлийн дагуу “Typomania” олон улсын дизайны үзэсгэлэн фестивалиудад эх орноо төлөөлж оролцох, “Солонгон бүрхүүл” хэмээх гэр хорооллуудад өнгө нэмэх төсөл зэргийг хэрэгжүүлж байв. Үүний зэрэгцээ, тайпографик бичиглэл дизайны сургалт явуулах, дизайны оюутнуудтай хамтарч ажиллах, залуу дизайнеруудтай хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг.
Цаашид “The Sign” үзэсгэлэнг жил бүр гаргах төлөвлөгөөтэй гэнэ. Ирэх жилийн үзэсгэлэнд БМА холбооныхноос гадна бусад дизайнер, оюутнууд, багш нар, бүр дизайнер биш хүмүүс ч оролцож, бүтээлээ өгч болох юм байна. Шалгарсан бүтээлүүдээр тухайн үед үзэсгэлэн гаргаж, цуврал номоо хэвлүүлэх зорилго тавьжээ. Анх удаа гарч байгаа “The Sign” үзэсгэлэнг өнөөдөр 09.00-17.00, маргааш 09.00-15.00 цагт үзэх боломжтой.