Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр\2022.04.28\ боллоо. Тус хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг энэ сарын 5-аас 15-ны хооронд нийслэл, дүүрэг, орон нутгийн анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газруудын үйл ажиллагаатай танилцсан томилолтын нэгдсэн тайланг хэлэлцэв.
Шүүхүүдэд ажиллах үеэр шүүгч, ажилтнуудаас 425 санал хүсэлт гаргасан байна. Эдгээр санал хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн хороодод дараах байдлаар хуваариллаа.
- Шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүргийн хүрээнд Шүүх байгуулах тухай хууль, шүүгчийн орон тоо, цалин, нийгмийн баталгаа хангах, шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог оновчтой болгох, шүүхийн мэдээллийн системийн уялдаа холбоог хангах, хэрэг хуваарилах системийг хөгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох
- Шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргийн хүрээнд шүүгчийг сэлгэн ажиллуулах, шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах, шүүгч, ажилтнуудын цалин хөлс, зэрэг дэвийг нэмэгдүүлэх, шүүхийн захиргааны ажилтныг мэргэшүүлэх багц сургалтад хамруулах, ажилтнуудыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах, шүүхийн хүний нөөцийн нэгдсэн хялбар программ нэвтрүүлэх
- Шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд шүүгчийг бие хамгаалах тусгай хэрэгслээр хангах, дуут дохионы тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, хуяглан хүргэх автомашинтай болох, шүүхийн сахилгын хороо шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх, шүүхийн захиргааны ажилтны аюулгүй байдлыг хангах болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчийн нэр хүндэд халдах асуудалд анхаарал хандуулж ажиллах
- Шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах чиг үүргийн хүрээнд шүүхийн байрны өмчлөлийг шийдэх, хөрөнгө оруулалтын болон урсгал засвар хийлгэх, тавилга, тоног төхөөрөмжөөр хангах, интернэтийн болон дотоод сүлжээ, программ хангамжийг сайжруулах, компьютерыг шинэчлэх, албан ёсны лицензтэй программ худалдан авч хэрэглүүлэх
- Мэдээллээр хангах чиг үүргийн хүрээнд олон нийтийг үнэн зөв мэдээллээр тухай бүр хангах, шүүгчдийг хууль тогтоомжийн гарын авлагаар хангах, мэдээллийг цаг тухай бүрд нь мэдээлэх, ажлын албанаас хийж байгаа ажлын мэдээ, тэр дундаа шүүхийн тусгай архивын мэдээг шинэлэг, оновчтой байдлаар хүргэх.
Эдгээр санал хүсэлт болон томилолтын үеэр танилцаж анхаарах ёстой гэж үзсэн асуудлуудыг ач холбогдол, шийдвэрлэх боломж, нөөц бололцоо зэргийг харгалзан багцалж үе шаттай шийдвэрлэх талаар авах арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхээр боллоо.