Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын “..үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх”, “тусгай хэрэгцээнд авах”, “тусгай зөвшөөрөл олгож болно” гэдгийг хэрхэн ойлгох, нөхөх олговрыг шийдвэрлэх асуудлыг нэг мөр ойлгох талаар тайлбар гаргаж, тогтоол баталсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 03 сарын 31 өдөр Дугаар 13
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад албан ёсны тайлбар хийх хэрэгцээ, шаардлага үүссэн, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Захиргааны хэргийн танхимаас гаргасан саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хэлэлцэж, тайлбар гаргах арга зүйг зөвшөөрсөн. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйл дэх ашигт малтмалын асуудлаарх Засгийн газрын бүрэн эрхэд шинээр 9.1.9-9.1.13 дугаар заалтууд нэмсэн, үүнд 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан, уг заалтын “энэ хуулийн 19.12” гэснийг “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн” гэж 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчилсөн; 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулийг мөн өдрөөс дагаж мөрдөх ба буцаан хэрэглэхгүй гэж, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр үйлчилж эхлэх хугацаа, хэрэглэх журмыг тус тус тухайлан тогтоожээ. Уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын агуулга нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг төрийн мэдэлд тодорхой зорилгоор шилжүүлэн авахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг олгоно, хэрэв хэлэлцэн тохирсон бол “өөр талбай”-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болох Засгийн газрын бүрэн эрхийг баталгаажуулсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлд ашигт малтмалын асуудлаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг тодорхойлсон, үүний 8.1.5-д “Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тодорхой нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглох” хууль батлах бүрэн эрхтэй, энэ хүрээнд Улсын Их Хурлаас тодорхой цаг хугацаагаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг, мөн нутаг дэвсгэрийн тодорхой газарт ашигт 2 малтмал хайх, ашиглахыг хориглох хуулиудыг батлан гаргасан, тэдгээрийн нэг нь 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль юм. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу нөхөх олговор олгосны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд нөхөх олговрын харилцааг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-аар тусгайлан зохицуулсан.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарсан бөгөөд Засгийн газраас тогтоосон “журам”-ын дагуу олгогдвол зохих “нөхөх олговор”-ыг төрөөс олгоогүй гэх шалтгаанаар тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээдээс Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан “нөхөх олговор”-ыг буюу “талбай авах” хүсэлтийг ашигт малтмалын асуудлаарх төрийн захиргааны байгууллагад гаргаж, улмаар татгалзсан хариу авснаар уг шийдвэрийг эс зөвшөөрсөн эсхүл хүсэлтийг нь шийдвэрлээгүй гэх үндэслэлээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан; Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарсан хэдий ч дээрх “журам”-д заасны дагуу нөхөх олговор авах хүсэлт гаргаж байгаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргасан “...хуулийн улмаас зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан эрх зүйн харилцааг тогтоолгох, нөхөх олговорт “талбай дүйцүүлэн олгох”-ыг даалгуулах, эдгээрт холбогдох хүсэлтийг нь ашигт малтмалын асуудлаарх төрийн захиргааны байгууллага шийдвэрлээгүй” гэх үндэслэлээр маргасан, шүүх энэ төрлийн маргааныг хянан шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг өөр өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн нь анхан, давах, хяналтын шатны шүүхийн дараах шийдвэрүүдээр илэрч байна.
1.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 143 дугаар тогтоолоор “Ө Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн бол 2018 оны 04 дүгээр сарын 30- ны өдрийн 199 дүгээр тогтоолоор “Ч м д” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн; 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 231 дүгээр тогтоолоор “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
2.Хяналтын журмаар гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны 3 өдрийн 101 дүгээр магадлалаар “Б А И” ХХК-ийн Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бол 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 162 дугаар магадлалаар “С з” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
3.Давж заалдах журмаар гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 261 дүгээр шийдвэрээр “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ...15,768.58 гектар талбайд дүйцүүлэн нэхэмжлэлд дурдсан солбицлын дагуу нөхөх олговрын зориулалтаар шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж; 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 905 дугаар шийдвэрээр “Б” ХХК-ийн “...нөхөх олговорт талбай дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13, 11.1.19-д заасны дагуу гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэр гаргахыг даалгаж” тус тус шийдвэрлэжээ.
Дээрх байдлаар, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн үйлчлэлд хамаарсан бөгөөд уг хуулийн дагуух “нөхөх олговор”-ын харилцаанаас үүссэн маргаанд “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан буюу өөр зорилго бүхий харилцаанаас үүсэх “нөхөх олговор”-ын зохицуулалтыг “хэрэглэх боломжтой” эсхүл “хэрэглэх боломжгүй” гэж өөр өөрөөр тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн практикт хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн байна. Аль аль хуульд тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хохирлыг барагдуулах зорилготой “нөхөх олговор”-ын харилцааг өөр өөр нөхцөл, болзолтойгоор ялгаатай хуульчилсан, хууль хэрэглэх дарааллын зарчмын үүднээс тухайлсан харилцаанд хамааралтай хэм хэмжээг ерөнхий зохицуулалттай хуулиас түрүүлж хэрэглэнэ, тусгайлсан хуульд маргаантай харилцааг зохицуулсан хэм хэмжээ агуулагдаагүй бол ерөнхий зохицуулалттай хуулийн хэм хэмжээг хэрэглэж шүүх хэргийг шийдвэрлэх зарчимтай.
Түүнчлэн, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар зохицуулсан “нөхөх олговор” нь мөнгөн хэлбэрээр илэрхийлэгдэх бөгөөд уг хууль батлагдсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэлд “...эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэсэн хэсгийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмжээ. Улсын Их Хурал 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарч, тусгай зөвшөөрөл нь цуцлагдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох асуудлыг уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан “журам”-аар тухайлан зохицуулсан уг харилцаанд Ашигт малтмалын тухай хуулийн 4 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэглэхгүй, энэ хуулийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн харилцаанаас үүссэн маргаанд төсөөтэй хэрэглэх хууль зүйн боломжгүй юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхүүд өөр өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь зүйтэй гэж нийт шүүгчийн хуралдаанаас үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4-т заасныг удирдлага болгон Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг ТАЙЛБАРЛАХ нь:
1.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол “өөр талбай”-г дүйцүүлэн олгох үндэслэл болно. Энэ заалтын “үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх” гэдэгт уг зорилго бүхий тодорхой тохиолдол бүрээр гаргах хуулиар олгогдсон Улсын Их Хурлын болон Засгийн газрын бүрэн эрхэд хамааралтай үйл ажиллагааг хамааруулан ойлгоно. Энэ заалтын “тусгай хэрэгцээнд авах” гэдгийг Газрын тухай хуульд заасан газрын нэгдмэл сангийн ангиллын газрыг Улсын Их Хурал болон Засгийн газраас уг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд улсын тусгай хэрэгцээнд авч, тухайн газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглох үйл ажиллагааг ойлгоно. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, хуульд заасан зориулалтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тохиолдлыг энэ заалтын “тусгай хэрэгцээнд авах” гэдэгт хамааруулан ойлгохгүй. Энэ заалтын нөхөх олговрын журмаар олгох талбай нь тухайн талбайг нөхөх олговрын журмаар олгох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Засгийн газар, эсхүл түүний эрх олгосны дагуу ашигт малтмалын асуудлаарх төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага нь харилцан зөвшилцөлд хүрсэн байх, үүний үндсэн дээр шинээр олгогдох уг талбайн хил зааг, солбицол, хэмжээ, байрших газар нутгийн нэр зэргийг тодорхойлсон Засгийн газрын шийдвэр гарсан байх бөгөөд тухайн талбай нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн 5 геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлалтай, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон талбай байна.
2.Энэ заалтын “тусгай зөвшөөрөл олгож болно” гэснийг нөхөх олговрын зориулалтаар талбай олгох эсэх нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан “сонгох боломж” бөгөөд Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй, Засгийн газраас шийдвэр гаргасан тохиолдолд тухайн шийдвэрийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал эрхэлсэн нэгжийн даргын шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг ойлгоно.
3.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээнд авах”, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авах” талаар эрх бүхий этгээдээс шийдвэр гаргах боломжийг хуульчилсан, аль ч тохиолдолд хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй. Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд нөхөх олговорт энэ зүйлд заасан талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах боломжийг өөрт хадгалагдсан гэж ойлгоно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ