Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг үнэлэхээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2 шинжээч, Буркина Фасо Улсын 3, Сингапур Улсын 2 шинжээч АТГ-т өчигдрөөс эхлэн ажиллаж байна. Шинжээчид 3 өдрийн турш ажиллаж, манай улсаас хүргүүлсэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн тайлангийн хүрээнд нэмэлт мэдээлэл авах, асуулт, хариулт өрнүүлэх замаар хамтран ажиллах бөгөөд тайлантай холбогдуулан, зөвлөмж боловсруулж, манай улсад ирүүлэх юм. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг үнэлэх уулзалтыг нээж Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал үг хэлэхдээ “Энэ удаагийн үнэлгээний уулзалт 2019 оноос эхэлсэн бөгөөд конвенцын 2 болон 5 дугаар бүлгийн хэрэгжилтийг үнэлэх юм. Монгол Улсын авлигын эсрэг орчин, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд чухал нөлөөтэй эх сурвалж бол Авлигын эсрэг НҮБ-ын конвенц билээ. Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод 2005 онд нэгдэн орж, УИХ-аар соёрхон батлуулан, гишүүн орныхоо хувьд хүлээсэн үүргээ биелүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж ирсэн. Зохих ахиц дэвшлүүд ч гарч байна. 2009 оны 11 дүгээр сард Катар Улсын Доха хотноо болсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид оролцогч талуудын бага хурлын 3 дугаар чуулганаар конвенцийн хэрэгжилтийг тайлагнах, түүнд дүн шинжилгээ хийх, үнэлэх тогтолцоог боловсронгуй болгох талаар хэлэлцэн, улс орнуудын хууль тогтоомж, захиргааны дүрэм журам, байгуулал, хөтөлбөрүүд (de jure болон de facto) Конвенцийн шаардлагад хэрхэн нийцэж байгаад үнэлгээ хийх шинэ механизмыг баталж, 2010 оноос эхлэн олон улсын шинжээчдийн баг Монгол Улсад ажиллаж, конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээ хийх шинэ механизмыг танилцуулан семинар зохион байгуулж холбогдох арга зүйн туслалцаа үзүүлсэн.
Монгол Улс 2010 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын анхны туршилтын үнэлгээнд хамрагдаж, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын III, IV бүлгийн хэрэгжилтийн тайланг бэлтгэн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газарт хүргүүлэн, улмаар олон улсын шинжээчдийн баг манай улсад ажиллаж холбогдох зөвлөмжийг өгч байсан болно. Монгол Улсын Засгийн газар олон улсын шинжээчдийн багийн тайлан илтгэл, зөвлөмжийг 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хуралдаанаараа авч хэлэлцэн дэмжин, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан” болохыг онцлов. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг байгуулан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн II, V дугаар хэрэгжилтийн тайланг гарган 2019 оны 8 дугаар сард НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанд хүргүүлсэн бөгөөд цар тахалтай холбоотойгоор газар дээр ирж үнэлэх ажил хойшлоод байсан юм. Энэ хугацаанд тайланд орсон өөрчлөлтүүдийг хүргүүлж ажилласан. Үнэлгээний уулзалтад Сангийн яам, Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, ЗГХЭГ, ТХААГ, ТАЗ, ҮАГ, ШЕЗ, УДШ, УЕПГ, ЦЕГ зэрэг төрийн байгууллага, ТББ, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг нийт 36 байгууллагын төлөөлөл оролцоно.