Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны намын дарга бөгөөд тэргүүн дэд сайд Ван Шиаохунтай цахим уулзалт хийж, хоёр орны хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар харилцан санал солилцов.
Уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хамтарсан сургалт зохион байгуулж, мэргэжлийн туршлага харилцан солилцох зэрэг санал тавьсныг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас яамны тэргүүн дэд сайд Ван Шиаохун найрсгаар хүлээн авч дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь мөнхийн хөршүүд бөгөөд талууд цаашид хил орчмын бүс нутгийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд хамтын ажиллагааг уялдуулан, хөгжүүлснээр хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа илүү үр дүнд хүрнэ гэж үзэж буйгаа харилцан илэрхийлэв.
Тус уулзалтын онцлох үйл явдал нь 2011 онд байгуулсан “Гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд талууд 2022-2026 онд хамтран ажиллах тухай үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан явдал байв.