Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичигт зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх төдийгүй Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцид бүрэн нийцүүлэхэд анхаарч боловсрууллаа. Хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан тус хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар болон боловсронгуй болгох саналыг хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудаас авч, хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгохыг зорьж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн.
Тэрбээр өнөөдөр "Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж буй ял шийтгэлийн бодлогыг чангатгасан. Тухайлбал хэргийн хөөн хэлэлцэх хугацааг уртасгасан. Эрүүгийн хуулийн 22.1 заасан онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд торгох ялыг оногдуулахгүйгээр өөрчлөлтийг оруулж ирсэн. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт ял наймаалцах буюу хэрэг хялбаршуулсан журмаар шийдэх явдлыг нэмэлт өөрчлөлтөөр хаслаа. Тодорхой албан тушаалтан бүрэн эрхийнхээ хугацаанд тодорой хэрэгт шалгуулалгүй явдаг халдашгүй эрхтэй албан тушаалууд байдаг. Энэ тохиолдолд . Өөрөөр хэлбэл тухайн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш үргэлжлүүлэн шалгах нөхцөлийг оруулж байна. Мөн авлига албан тушаалын хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасахаар тусгасан" гэдгийг тодотгон мэдээлэл хийсэн юм.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлтийг хийснээр Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид нийцэж, Эрүүгийн хуулийн дээрх холбогдох бүлэг, зүйлд дурдсан гэмт хэргийн гаралт буурах, авлига, албан тушаалтантай тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим улам бүр баталгаажих юм.