Шүүхийн ерөнхий зөвлөл “Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх 34 шалгуур үзүүлэлт”-ийн дагуу судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Статистик, Эконометрийн тэнхимийн багш судлаачдын багийн хийж гүйцэтгэсэн судалгааны тайлан, Шүүхийн захиргааны сургалт судалгааны төвийн санал зэрэгт үндэслэн хууль зүйн санал, дүгнэлтээ танилцуулсан байна. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаад “Улсын Дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.
Хуулийн төслийг боловсруулахдаа иргэний шүүхээр үйлчлүүлэх эрх, шүүхэд мэдүүлэх эрхийг хангахад нэн тэргүүнд анхаарч, шүүгчийн орон тоог нийслэлд байрлаж буй шүүхүүдэд хангалттай хэмжээнд, ачаалал тэнцвэржүүлсэн байхаар буюу судалгаанд тусгагдсан нэг шүүгчид ногдох хэргийн ачаалалд нийцүүлэх байдлаар санал боловсруулж бэлтгэхийг үүрэг болгов. Өөрөөр хэлбэл, “Улсын Дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж эхэллээ.