Баянгол дүүргийн Цагдаагийн газраас "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд цагдаагийн бэлтгэл хурандаа Л.Лхагваа гуайг урьж эрүүгийн мөрдөгч нарт уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр ахмад ажилтан Л.Лхагваас өөрийн ажлын туршлага, ололт амжилт, ахуй амьдрал, гэр бүлийн талаар нээлттэй яриа хийж залуу, дунд үеийнхэнд үнэтэй сургаалыг нь сонсжээ.
Л.Лхагва нийслэлийн 52 дугаар сургуулийн анхны төгсөгч. 1973 онд дунд сургуулиа төгсөөд цэргийн албанд мордож, гурван жилийн дараа халагдсан. 1979 оноос сонирхлынхоо дагуу хуулийн байгууллагад ажиллаж эхэлжээ. 1987-1991 онд Цагдаагийн дээд сургуулийн эчнээ ангид сурч, төгссөн. Тэрбээр НАХЯ (Нийгмийг аюулаас хамгаалах яам)-ны III , IX хэлтэст ажиллаж байсан. Мөн НАХЯ-ны I орлогч сайд, Улсыг аюулаас сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Цийрэгзэнгийн туслахаар ажиллаж байв. Улмаар нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Жамьяансэнгээ багш нь түүнийг мэргэжлээрээ ажилла хэмээн “лүндэн” буулгасан гэнэ. Л.Лхагва багшийнхаа зөвлөснөөр 1990 онд хотын Цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст төлөөлөгчөөр ажилд орсон нь хулгайч нартай насаараа “хөөцөлдөх” эхлэл нь байжээ.