Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Шүүхийн захиргааны ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэх явцад зарим хэргийн оролцогч нараас тэднийг доромжлох, сүрдүүлсэн зурвас илгээх, ажлын бус цагаар шөнө орой залгах, олон нийтийн сүлжээнд байгууллагын нэр хүндэд халдсан сөрөг мэдээлэл бичих асуудлууд гарсаар байна. Тус шүүхийн тамгын газраас Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм, Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журмыг танилцуулж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт мэдээлэл хийж, хэргийн оролцогчоос ирүүлсэн гомдлыг тухай бүрт нь шийдвэрлэж, хариу хүргүүлэн ажиллаж байна.
Шүүхийн захиргааны ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой гомдол, санал хүсэлтээ шүүхийн тамгын газарт зохих журмын дагуу гарган шийдвэрлүүлэх боломжтой. Гэвч олон нийтийн сүлжээнд нотлогдож шалгагдаагүй асуудлаар ямарваа нэг сөрөг мэдээллийг түгээж байгаа нь тухайн байгууллагын ажил хэргийн нэр хүнд, цаашлаад шүүхээр үйлчлүүлэх иргэдийн итгэлд сөргөөр нөлөөлж байгаа үйлдэл юм. Иймд шүүхээр үйлчлүүлж буй иргэн, хуулийн этгээдийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа та бүхэн шүүхийн үйлчилгээг авахдаа харилцан хүндэтгэлтэй, хүлээцтэй байж, хуулийн хүрээнд хандана уу" хэмээжээ.