Шүүхийн сахилгын хорооноос шүүгч Н.Амарзаяад "нээлттэй сануулах" сахилгын шийтгэл ногдуулсан байна. Шийтгэл ногдуулах хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяад холбогдох хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Иргэн Ц.Нэргүйбаатар Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ гаргасан өргөдөлдөө: “...Миний бие нь 2019 оны тавдугаар сарын 27-ны өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нарын 2019 оны тавдугаар сарын 1, 7-ны өдрийн нийт 23 актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүхээр зарим актуудыг хүчингүй болгож зарим актуудыг нь хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн шүүхийн шийдвэр гарсан. Ц.Нэргүйбаатар миний биеийг хяналт тавих үүргээ гүйцэтгээгүй гэж тухайн санхүүгийн актуудыг үндэслэж ажлаас халсан болохоос тухайн актуудыг Ц.Нэргүйбаатар төлөхөөр акт тогтоогдсон гэж ажлаас халаагүй. Гэтэл Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа нь 83 323 796 төгрөгийг Ц.Нэргүйбаатараас гаргуулахаар шийдвэрлэсэн гэж шүүхийн шийдвэрийг илтэд гуйвуулан Ц.Нэргүйбаатар миний биеийг тухайн актуудыг төлж барагдуул гэсэн шүүхийн мэдэгдлийг хүлээн аваад туслахтай нь холбогдоход шүүгч тухайн актуудыг Ц.Нэргүйбаатар төл, өөрөө төлөхгүй бол Иргэний хэргийн шүүхэд хандаж буруутай этгээдүүдээр нь төлүүл гэсэн хариу өгсөн. Шүүгч Н.Амарзаяа нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй зүйлийг дур мэдэн Ц.Нэргүйбаатар төл гэж мэдэгдэл өгөөд байгааг ойлгохгүй байна. Иргэн миний нэхэмжлэлээр тухайн маргаан үүссэн болохоос төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаагүйг анхаарна уу. Хэрэв шүүхийн шийдвэрт тухайн актын төлбөр болох 83 323 796 төгрөгийг Ц.Нэргүйбаатар төл гэсэн шийдвэр гарсан бол миний бие нь тухайн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх байсан. Гэтэл шүүхийн шийдвэрт тусгагдаагүй зүйлийг иргэн Ц.Нэргүйбаатар миний биеийг төл гэж мэдэгдэл өгөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн шүүгчийн эрх мэдлээ хэтрүүлэн иргэн Ц.Нэргүйбаатар миний биеийг хохироож байгаа үйлдлийг шалгаж үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэжээ.
Харин шүүгч Н.Амарзаяа Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагч Ц.Нэргүйбаатарт холбогдуулж гүйцэтгэх хуудас бичсэн нь үндэслэлгүй байсныг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед шийдвэрт гүйцэтгэх хуудас бичүүлэх тухай хариуцагч нарын хүсэлтийг төлбөрийн актын биелэлт баталгаажуулахтай андуурч гүйцэтгэх хуудас бичиж алдаа гаргасан байна. Түүнээс албан тушаалын эрх мэдлээ урвуулах ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Ц.Нэргүйбаатарт холбогдуулан 2021 оны 07 сарын 28-ны өдөр гүйцэтгэх хуудас бичсэнийг, 2021 оны 09 сарын 13-ны өдөр хүчингүй болгосон. Ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй, Ц.Нэргүйбаатарт ноцтой хохирол учраагүй байх гэж бодож байна” гэжээ.
Улмаар шүүхийн Сахилгын хорооноос Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяад дараах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяад “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.