БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ойд зориулсан түр үзэсгэлэнг нээлээ.
Монгол Улс, БНАСАУ нь түүх, соёлын өргөн харилцаатай явж ирсэн түүхтэй. БНАСАУ 1948 оны 9 сарын 9-нд байгуулагдсан даруй БНМАУ 1948 оны 10 сарын 15-нд тус улстай дипломат харилцаа тогтоосон билээ. Ийнхүү Монгол улс, БНАСАУ нь тусгаар тогтнолоо харилцан хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улсууд болсон юм. 1951 онд хоёр улс Элчин сайдын яамдаа хоёр орондоо байгуулж харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Ийнхүү 74 жилийн хугацаанд хоёр улс өргөн салбарт хамтран ажиллаж, түүхийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа тасралтгүй хөгжүүлж байгаа билээ. Эдүгээ Монгол улс, БНАСАУ хоёр орны хоорондын уламжлалт найрамдал, хамтын ажиллагааны харилцаагаа дэлхий дахинд болон олон улсын байдал, нийгэм эдийн засгийн байгуулалд гарсан өөрчлөлттэй уялдуулан, хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн хөгжүүлэх зарчмыг баримтлан амжилттай ажиллаж байна.
Үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн захирал Л. Жаргал нээж, БНАСАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О Сын Хо, Ахмад дипломатч, Элчин сайд, доктор Ж.Ломбо нар баяр хүргэж үг хэллээ. Үзэсгэлэнг Монгол Улсын Их хурлын гишүүн, Парламент дахь БНАСАУ Найрамдлын бүлгийн дарга, П.Анужин болон албаны бусад төлөөлөгчид үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирлээ.
Хоёр улсын дипломат харилцааны 74 ой, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй цуглуулгаас 70 гаруй үзмэр, Малчдын хөгжлийг дэмжих Ж.Самбуу санд хадгалагдаж буй гэрэл зураг, хувь хүмүүст буй эд өлөг нийт 100 гаруй түүхэн үзмэрийг дэлгэсэн тусгай үзэсгэлэнг олон нийтэд 2022.04.05-10-ныг дуустал толилуулна.
Уг үзэсгэлэнг Монголын Үндэсний музей, Монголын малчдын хөгжлийг дэмжих Ж.Самбуугийн Сан, БНАСАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам, Монголын Жүче судлалын төв хамтран зохион байгуулж буй гэнэ.