Хангайн нурууны дайд мухарт эвлэн нэгдэж, айлсан буудаггүй Хар сарлагтынхан, Бүгээн сарлагтынхан хэмээх хоёр овог байжээ. Тэд жилдээ ганц удаа цуглаж, сүргийн манлай бухаа мөргөлдүүлэн наадам хийж, баясан цэнгээд дараа жилийн болзоот өдөр хүртэл эргэн уулзалдахгүйгээр салан одоцгоодог заншилтай юм санж. Гэтэл нэгэн наадмаар хоёр овгийн хооронд хагарал тэмцлийн хар ангал жинхэнэ утгаараа биежиж, цусан өшөө авах хатуу нэхлийн хаалга онгойно. UBS телевизийн гурамсан бүтээлийн сүүлчийнх болох “Нарны садан” кино ийн эхэлнэ. Тус хамт олон өмнө нь 2015 онд “Содура”, 2018 онд “Говийн домог” уран сайхны киног үзэгчдэд хүргэж байв. “Нарны садан” уран сайхны киног UBS телевиз, “PickPack” болон “White arch” студи, UB пикчерстэй хамтран бүтээсэн байна. Кинонд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, жүжигчин Б.Алимцэцэг, Д.Мөнхтөмөр, Г.Алтангэрэл, Б.Замилан нар гол дүр бүтээжээ. Зохиолч, ерөнхий найруулагчаар О.Эрдэнэ, ерөнхий продюсер, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав ажилласан байна.