Олон улсын тайзнаа Монголоороо овоглон дуулж, сонгодог дууриудын цуутай дүрүүдийг бүтээсээр, амилуулсаар яваа, монгол үндэстнээс энэ цагт төрөн гарсан хүчирхэг баритонуудын нэг нь дуучин Ч.Бадрал билээ. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Норвег улсад болсон, хатан хаан Сонягийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд “аман хүзүүдсэн”. 64 орны 512 дуучин оролцсон уралдааны шийдвэрлэх төгсгөлийн шатанд өрсөлдөж, “аман хүзүүдсэн” амжилтаараа тэрбээр хатан хаанаас талархлын захидал, тоглолтын урилга хүлээж авсан юм. Энэ талаар тухайн үед нь бид олон нийтэд мэдээлсэн билээ. Цар тахалтай ч, Европт урлагийн амьдрал үргэлжилсээр байсан юм. Ч.Бадрал өнгөрсөн оны есдүгээр сард Италийн Пиза хотын Вердийн театрт гайхамшигтай дуулсан тухай нэр хүндтэй урлаг судлаач, шүүмжлэгчийн маш сайн үнэлгээ бүхий нийтлэлийг тус улсын нэгэн сайт уншигчдадаа хүргэсэн байхыг хараад дуучны уран бүтээлийн замналын талаар мэдээлэл бэлтгэхийг зорьсон юм.
ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Мариинский театрт үе үе дуурьт тоглодог тэрбээр өдгөө Итали улсад суурин аж төрж буй аж. Түрүү жил төлөвлөсөн, гэрээт тоглолтууд буйн зэрэгцээ энэ онд болон ойрын хугацаанд ажил ихтэй байх учраас бэлтгэсээр.
Ч.Бадрал бол Италийн “Италиан лирика” хөгжмийн агентлаг болон Мариинский театрын гоцлол дуучин юм. БХЯ-ны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлоочоор оюутан байхаасаа эхлэн 2020 он хүртэл ажилласан. Түүний намтраас товч дурдъя. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд тариаланч гэр бүлд төрсөн тэрбээр сумынхаа дунд сургуулийг дүүргэсний дараа ХБК-ын дуурийн дуулаачийн ангийг Гавьяат багш Ц.Ерөөгийн удирдлагад төгссөн юм. 2012-2016 онд ОХУ-ын Москва хот дахь Гнесиний нэрэмжит Хөгжмийн академид дуурийн дуучин мэргэжлээр суралцаж, бакалавр зэрэгтэй дүүргэсэн. Дараагийн хоёр жилд нь тус сургуульдаа дуурийн гоцлол дуучин, дуулах ур зүйн багш мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан юм билээ. Энэ хугацаандаа Итали улсын Милан хотын Г.Доницеттийн нэрэмжит Хөгжмийн академид Өрнөдийн урлаг судлаач мэргэжлээр эчнээгээр суралцахаар элсжээ. Өдгөө эрдэмд үргэлжлүүлэн шамдсаар. Дуулах, дүр бүтээх, урлаг судлалаар суралцах гээд ажил ихтэйн зэрэгцээ хамтран ажилладаг байгууллага нь маркетингийн бодлогынхоо хүрээнд мэдээ, мэдээллийг албан ёсны сайт, хуудсаараа л түгээдэг болохоор түүний хаана байгаа нь төдийлөн ил биш.
Дуучны уран бүтээлийн түүхээс амжилтынх нь графикийг өсөх шугамаар илэрхийлэн зурж болохоор. Ч.Бадрал 2008 оноос эхэлж эх орондоо болон олон улсын дуурийн дуулаачдын нэр хүнд бүхий, тэр дундаа А зэрэглэлийн уралдаануудад өндөр амжилт гаргасаар иржээ. 2008 онд болсон “XX зууны шилдэг дуунууд” улсын уралдаанд дэд, дараа жил нь “Үндэсний болон дэлхийн шилдэг бүтээлүүд” анхдугаар уралдаанд III, түүний хойтон ОХУ-ын Улаан-Үд хотод болсон ЗХУ-ын Ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд III байр эзэлсэн тухай мэдээллээр жагсаалт эхэлнэ. Түүнээс хойш 2019 оныг дуустал үндэсний болон олон улсын 23 уралдаанд өндөр амжилттай оролцсон тухай баримтууд байна. “Учиртай гурван тол - гой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын VI уралдаанд Юндэнгийн дүрээр тэргүүн байр эзэлж. Хойд хөршийн дуурийн урлагийн од Н.А.Обухова, Н.Д.Шпиллер, М.Глинка, Е.Образцова, Н.А.Римский-Корсаков, Л.В.Собинов, Айталина Афанасьева, Г.Вишневская зэрэг алдартны нэрэмжит уламжлалт, нэр хүндтэй уралдаануудад дэд, тэргүүн байр эзэлж, гран при шагнал ч хүртэж ирсэн тухай нь дуурийн урлаг сонирхогчид мэддэг.
Ч.Бадрал 2017 онд одтой байв. Литва улсын алдартан Виржиулюс Норейкагийн нэрэмжит уралдаанд III байр эзэлж, Кальнус хотын Дуурийн театрт дуулах урилгаар шагнуулжээ. Австри улсын Линз хотод болсон олон улсын А зэрэглэлийн “Competizioni dell opera”-д дэд байр эзэлж, уралдааны тэргүүн шагнал олон улсын шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэн, тус улсын Ландестеатрт дуулах урилга гардсан байна. Итали улсын Милан хотод болсон, алдарт дуучин Анжело Лофоресын нэрэмжит уралдаанд III байр эзэлж, ОХУ-ын А зэрэглэлийн “Санкт-Петербург” уралдаанд ч тэргүүлж.
2018 онд Унгарын нийслэл Будапешт хотод болсон, тус улсын алдарт дуучин Эва Мартоны нэрэмжит олон улсын А зэрэглэлийн уралдаанд түрүүлж, Будапешт хотын Дуурийн театрт дуулах урилгаар шагнуулсан аж. Итали улсын Тоскана мужид “Кижиани” хөгжмийн академиас зохион байгуулсан олон улсын уралдаанд тэргүүлэн, тэргүүн шагнал “Алтан од”-ын эзэн болов. 2019 онд Британи улсын Кардифф хотын, дэлхийн шилдэг дуучин шалгаруулах уламжлалт уралдааны “Шилдэг 20 дуучин”-ы нэгээр шалгарсан боловч Итали улсын Верона хотын “Арена” задгай театртай байгуулсан гэрээний хүрээн дэх ажилтай нь давхацсан тул уг уралдаанд оролцож чадаагүй. Гэсэн ч зохион байгуулагчид нь 2021 оны уралдааныхаа төгсгөлийн шатны шалгаруулалтад дуулахыг урьжээ. Уран бүтээлийнх нь тухайд бүртгэлд буй жагсаалтаас дээжлэхэд энэ.
Ч.Бадрал Гнесиний нэрэмжит Хөгжмийн академид суралцаж байх хугацаандаа буюу ОХУ-ын үндэсний “Россия” телевизээс зохион байгуулсан “Большая опера” олон улсын урал - даанд анхны гадаад оролцогчийн хувиар өр сөлдөн IV байр эзэлснийхээ дараа тус улсын Магнитогорск хотын Дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан юм. Тэр үед сонгодог хэд хэдэн дуурьт гол дүр бүтээсний зэрэгцээ хамтарсан болон бие даасан тоглолт тус улсад хэдэнтээ хийсэн нь дуурийн урлагийн замаар амжилттай замнахад нь ихээхэн түлхэц болжээ. “Италиан лирика” агентлагтай хамтарч эхэлснээр ОХУ төдийгүй Европын нэр хүндтэй театруудад уран бүтээлээ туурвисаар, Монгол Улс, Монголынхоо зэвсэгт хүчнээр овоглон дуулсаар өнөөг хүрчээ.
Түүний Европ дахь анхны тайз нь Италийн Милан хот дахь алдарт “Ла Скала” театр. 2019 оны нэгдүгээр сард тус театрт Оросын суут хөгжмийн зохиолч М.П.Мусоргскийн “Хованшина” дуурийн Шакловитый гүний дүрийг бүтээсэн. Тухайн оны арваннэгдүгээр сард хойд хөршийн Санкт-Петербург дэх Мариинский театрт Ж.Вердийн “Травиата” дуурийн Жорж Жермоны дүрийг амжилттай бүтээснээр тус театрын албан ёсны, урилгын хэмээн тодотгодог гоцлол дуучин болсон аж. Түүнээс хойш өнөөг хүртэл Мариинский болон дэлхийн бусад алдартай хэд хэдэн театрт сонгодог дууриудын гол дүрүүдийг бүтээгээд буй юм. Тухайлбал, Италийн Верона хотын “Арена” задгай театрт Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасро хааны дүрд таван удаа тогложээ. Жермоны дүрийг Палермо хотын “Массимо” театрт ч мөн бүтээсэн байна. Бари хотын “Петручилли” театрт Италийн хөгжмийн зохиолч П.Масканийн “Тосгоны алдар (Cavalleria rusticana)” дуурийн Альфиогийн дүрийг бас амилуулж.
Өнгөрсөн хоёр жилд төлөвлөсөн, гэрээ хийсэн байсан хэд хэдэн ажил цар тахлын улмаас хойшлогдоод байгаа юм билээ. Мариинскийд Ж.Вердийн “Аида”, “Травиата”-гаас гадна “Багт наадам”, “Риголетто”, мөн П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”, “Мазепа” дуурьт тоглох байв. Мөн тус театрын Уран сайхны зөвлөлийн санаачилгаар уран бүтээлийн бие даасан тоглолт хийх байсан нь ч тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ. Мөн 2020 оны арваннэгдүгээр сард ХБНГУ-ын Берлиний “Дойче опера” театрт Ж.Вердийн “Набукко” дуурийн Набукко хааны дүрд, өнгөрсөн оны нэгдүгээр сард Италийн Пеза хотын театрт Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермон, наймдугаар сард нь Испани улсын “Овиедо” театрт мөн Набуккод тоглох байсан нь цар тахлаас үүдэн цуцлагджээ.
Цар тахал дэлхийг донсолгох нь гэхээр цаг үе байсан ч Ч.Бадрал өнгөрсөн оны долдугаар сарын 11-нд буюу Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Казахстан улсын Нур-Султан хотын Дуурийн театрт Ж.Вердийн “Айда” дуурийн Амонасро хааны дүрд тоглоход мэргэжил нэгт нөхөд нь “Манай Бадрал аргагүй л алтан соёмбот дуучин гэдгээ баталлаа даа” хэмээж байжээ.
Баритон Ч.Бадрал ийнхүү уран бүтээлийн олз омгоор дүүрэн явна. Энэ оны хоёрдугаар улирлаас эхлэн Италийн театруудтай хийсэн гэрээний дагуу ажиллана. Ардын армийн дэслэгч цолтны ёсоор аргагүй хэзээд бэлэн байдалд тэвхийж байх ажгуу. Тэрбээр мөн энэ онд олон улсын хэд хэдэн томоохон уралдаанд ур чадвар сорино. Гэхдээ юм л бол уралдаад байдаггүй. Дуурийн урлаг өндөр хөгжсөн орнуудын дуучидтай эн зэрэгцэн нэгдсэн тоглолт, арга хэмжээнүүдэд оролцдог. Одоогоос гурван жилийн өмнө ОХУ-ын Кремлийн ордонд тус улсын Эх орончдын өдөрт зориулсан баярын хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсынхаа зэвсэгт хүчний алба хаагчдыг төлөөлөн Оросын нэрт яруу найрагч Р.Рождественскийн үг, дуучин М.Магомаевын хөгжим “Торжественная песня”-г дуулсанд үзэгчид халуунаар алга ташин хүлээн авч байсныг зурагтаар харсан сан. Харин өдгөө уран бүтээлийн түүх, замнал, амжилтынх нь бүртгэлийг онгичиж суух нь ээ, энэ тоглолтын дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу манай улсын Батлан хамгаалахын сайдын нэр дээр талархлын захидал ирүүлснийг үзэв. Ер нь амжилтыг нь тоочвол дурдаад барагдахгүй аж. Гадаад орнуудын нэр хүндтэй тайзнаа дууриудын гол дүр бүтээсэн тухай болон оролцсон уралдаануудын талаарх бүхий л мэдээлэл, танилцуулга, урилга, талархлын захидал ч цөөнгүй байна.
Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Баритон Ч.Бадрал олон улсын түвшинд ажиллаж туршлагажсан маркетингийн компанитай хамтарснаар он жилүүдийг одтой, хийморьтой үджээ гэхээр байна. Энэ оны, дараа жилийн гээд, гэрээт ажлуудаа жагсаачихаад нам гүмхэн урагшилсаар буй уран бүтээлчийн ажил, уран бүтээлийн тухай цухас мэдээлэхэд ийм байна.