Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар анги буюу Эмэгтэйчүүдийн хорих ангийн ажилтан, албан хаагчид болон хүмүүжигчид, тэдгээрийн хүүхдүүдийг энэ сарын 8 ,9-нд эрүүл мэндийн урдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн “Хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байх ёстой. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад эрх зүйн баримт бичгээр зохицуулсан. Мөн НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь нийгмийн эмзэг, орхигдсон хүн амын бүлгүүдэд чиглэсэн стратегийг баримтлах замаар хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг хангахаар тунхагласан. Хорих ангийн ажилтан, албан хаагчид ажлын онцлог байдлаас шалтгаалж тэр бүр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаад явж чаддаггүй. Эрх нь хязгаарлагдсан эмэгтэйчүүд ч мөн адил. Тиймээс санаачилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж, үзлэг, шинжилгээ хийж буй эмч нартаа баярлалаа. Эрт илрүүлгийн арга хэмжээ зохион байгуулснаар нэн тэргүүнд улсын хэмжээнд зонхилон тохиолдож буй нас баралтын гол шалтгаан болох хорт хавдар, зүрхний өвчинд анхаарал хандуулж байна” гэв.
Хоёр өдрийн арга хэмжээний хүрээнд эмч нар ЭХО, эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэндийн шаардлагатай үзлэг, шинжилгээг 250 гаруй хүмүүжигч, албан хаагчдад хийсэн гэнэ. Тус арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын залуучуудын холбоо, Хавдар судлалын үндэсний төв, Амгалан амаржих газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулсан аж.