Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг 2022 оны гуравдугаар сарын 3-7-нд Орхон, Хөвсгөл, Увс, Баян-өлгий аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа болон ажлын хэсгийн гишүүд орон нутгийн ахмадуудтай уулзаж, Ахмад настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх зүйн орчныг сайжруулах асуудлуудаар санал солилцов.Уулзалтын үеэр ахмадууд орон нутгийн ахмадын байгууллагын үйл ажиллагаа, урсгал зардал, ахмадын зөвлөлийн цалин, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх, харьяалалгүй ахмадуудын асуудлыг анхааралдаа авах, ахмад настны өдрийн, явуулын үйлчилгээний тариф, ахмадын амралт, сувиллын эрхийн бичгийн үнийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах талаар санал, бодлоо илэрхийлж байв.
Уулзалтад аймгийн Засаг дарга болон холбогдох удирдах албан тушаалтнууд оролцон ахмадуудад чиглэсэн үйл ажиллагаа, орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгөв. Мөн дээрх аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажилтан, албан хаагчидтай уулзаж, орон нутгийн ахмад настны асрамж, үйлчилгээний төвийн асруулагчдын нөхцөл байдал, асаргаа сувилгааны чанар, хүртээмж, тулгамдаж буй асуудалтай танилцав. Орон нутгийн төсвийн санхүүжилттэй Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж, үйлчилгээний төвд 39, Баян-Өлгий аймаг дахь Ахмад настны асрамжийн төвд 13, Увс аймаг дахь Баруун бүсийн Ахмадын асрамж, үйлчилгээний төвд 15 асруулагч асруулж байна. Аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын зүгээс орон нутагт Халамжаас-Хөдөлмөрт бодлогын зорилт, халамжийн үйлчилгээний цахимжилтын хэрэгжилтийн талаар болон ахмад настны нийгмийн халамжийн үйлчилгээний хамрагдалт, төсөв, санхүүжилтийн байдлыг танилцуулав.
Түүнчлэн хөдөлмөр, нийгмийн халамжийн салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг хөндөж, анхаарахыг хүслээ.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, асрамжийн газруудад шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээний асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ахмадуудаас гаргасан санал, хүсэлтийг судлан хууль, журмын өөрчлөлтөд тусгах, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход ажлын хэсгийн зүгээс анхаарна гэдгийг хэллээ.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр салбарын яамны зүгээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн талаар товч танилцуулж, мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагаж нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд ахмад настны үйлчилгээний талаар холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарах, орон нутагт ахмадын өргөө, ордонг нэмэгдүүлж нэг стандартаар ажиллуулах чиглэлийг баримтална гэв