ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзах шийдвэрээсээ татгалзах болсноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэв. “ОХУ дипломат харилцагч мэт дүр эсгээд, мөргөлдөөний замаар явахыг АНУ зөвшөөрөхгүй” гэж тэрбээр хэлжээ. Америкийн дипломатч С.Лавровт захидал илгээж, шийдвэрийнхээ талаар мэдэгдсэн аж.
“Одоо энэ уулзалтыг хийх нь утгагүй юм. Би холбоотнууд болон түншүүдтэйгээ зөвлөлдсөн, бүгд зөвшөөрсөн” гэж Э.Блинкен Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай уулзахдаа хэлсэн байна. Гэхдээ Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах дипломат арга замаас ОХУ татгалзсан ч тус улстай АНУ цаашид дипломат хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаа бөгөөд үүнд Оросын тал нухацтай хандах ёстой гэдгийг тэрбээр тэмдэглэв. Өөрийгөө тунхагласан Донецк, Луганскийг бүгд найрамдах улсаар хүлээн зөвшөөрснөөрөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украиныг тусгаар тогтносон улс биш, ОХУ-ын субъект хэмээн үздэгээ харууллаа гэж Э.Блинкен хэлжээ.
Америк, Оросын дипломатчдын уулзалт цуцлагдсанаар тус хоёр улсын дээд хэмжээний уулзалт болох, эсэх нь тодорхойгүй боллоо. В.Путин Украины оршин тогтнох эрхэд халдсанаараа Европын аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээ хийх ямар ч сонирхолгүй байгаагаа харууллаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден үзэж байна. ОХУ-ын гаргасан шийдвэрийн хариуд тус улсын компани, түшмэд, тэдний хүүхдүүдийн эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээг АНУ-ын Сангийн яам авсан байна. Мөн Америкийн БХЯ Италиас тэнгисийн 800 орчим явган цэрэг, мөн “AH-64 apache” загварын 32 нисдэг тэргээ Балтын бүс нутаг руу шилжүүлэн байрлуулав. НАТО зүүн жигүүр лүүгээ найман “F-35” сөнөөгч онгоц илгээлээ. Үүний сацуу Донецк, Луганскт болж буй үйл явдлыг үй олноор хөнөөх гэмт хэрэг гэж үзэхгүй гэдгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ. “Украины зүүн өмнөд нутагт аймшиг, үй олноор хөнөөх гэмт хэрэг үйлдэгдсээр байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үүний өмнө мэдэгдсэн юм. Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сайшаан, баталсан Минскийн хэлэлцээрт ОХУ “үхлийн цохилт” өглөө гэж А.Гуттериш хэлэв.
Украины байдал хурцадсан энэ үед “Bloomberg” агентлагаас гаргадаг тэрбумтнуудын жагсаалтад багтдаг Оросын хамгийн чинээлэг 23 бизнес эрхлэгчийн хөрөнгө 32 тэрбум ам.доллароор буурчээ. Хөрөнгийнх нь хэмжээ хамгийн их буурсан Оросын тэрбумтнуудын жагсаалтыг “Сибур”, “Новатэк” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Геннадий Тимченко тэргүүлэв. Түүний хөрөнгө энэ онд гуравны нэг орчмоор багассан гэнэ. Мөн “Новатэк” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Леонид Михельсоны хөрөнгө 6.2, “Лукойл” компанийн ерөнхийлөгч Вагит Алекперовынх 3.5 тэрбум ам.доллароор буурчээ. Тус улсын хамгийн чинээлэг 23 бизнес эрхлэгчийн нийт хөрөнгө 343 тэрбум ам.доллар болж багассан байна. Уг үзүүлэлт өнгөрсөн оны эцсээр 375 тэрбум ам.доллар байв. “Bloomberg” агентлаг манай гаргийн хамгийн баян 500 хүний хөрөнгийн байдлын мэдээллийн “Тэрбумтнуудын индекс”-ийг 2012 оны гуравдугаар сараас гаргаж эхэлсэн юм.