Аргентины Корриентес мужид гарсан ойн түймрийг унтраахын тулд тус улсын блогчин Сантьяго Маратеа нэг өдрийн дотор 104 сая песо буюу 980 мянган ам.долларын хандив цуглуулсныг “Todo noticias” телевиз мэдээлэв. Үүгээр галын дөрвөн машин, бусад хэрэгслээс гадна түймэрт өртсөн амьтдад зориулах эм худалдаж авах гэнэ. Тэрбээр уг нь гал сөнөөгчдөд хүссэн тоног төхөөрөмжөө авахад зориулах ердөө 15 сая песо цуглуулахаар хандивын аян зарласан аж.
Дэлхийн хоёр дахь том намгархаг газар болох Эстерос дель Ибера байгалийн дархан цаазат газар байрладаг Корриентес мужид өнгөрсөн сарын дунд үед гарсан түймэр өдгөө намжаагүй байгаа юм. Энэ сарын дунд үе гэхэд бараг 800 мянган га газрын ургамал түймэрт өртөөд байв.