Донецк, Луганскийн иргэдийг ОХУ руу нүүлгэн шилжүүлж байна. Үүнийг Украин халдахаар төлөвлөж буйтай холбон өөрийгөө зарлан тунхагласан тухайн хоёр орны удирдагч тайлбарлаж байна. Харин Киев үүнийг няцаав.
Дүрвэгч тус бүрт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрийн дагуу 10 мянган рубль өгч эхэлснийг Онцгой байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Александр Чуприян мэдээллээ.
Украины парламентын гишүүд болон Дотоод хэргийн сайд Денис Монастырский нартай явсан сэтгүүлчид, тэр дундаа CNN болон “France presse” агентлагийн ажилтнууд буудалцаан дунд орсон тухай “Ард түмний зарц” намын хэвлэлийн нарийн бичгийн дарга Юлия Палийчук дамжуулав. Тэднийг нуувч руу нүүлгэн шилжүүлсэн гэнэ. Парламентын гишүүд тус бүс нутгийн байдлыг цэргийнхэнтэй хэлэлцэхээр Донбасст очсон бөгөөд Украины армийн нэг ангид дрон өгсөн байна. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донбасс Улсын Ардын цагдаагийнхан Украины талыг сэтгүүлчид, ажиглагчид руу гал нээсэн хэмээн буруутгажээ.
Украины зүүн нутаг дахь иргэний объектуудад их хэмжээний цохилт өгснийг Европын Холбоо буруушааж, Минскийн хэлэлцээр болон олон улсын хүмүүнлэгийн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байгаа ч Киевийн “хүлээцтэй” байдлыг зарим талаар “өдөөн хатгалга” хэмээн үзэж буйгаа тус холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгдэв. Хүчтэй цохилт Дон бассын оршин суугчдыг Орос руу бөөнөөр нь нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн тухай тэрбээр мэдэгдэлдээ дурдаагүй аж. Гэсэн ч Украин халдан довтлохоор бэлтгэж буй тухай Донецк, Луганскийн удирдагчид анхааруулсанд Брюссель итгэхгүй байгааг уг баримт бичигт онцлон тэмдэглэжээ.
Украины зүүн хэсгийн байдал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргаас эрс хурцдаж, тус улсын арми идэвхтэй гал нээж байгаагийн улмаас иргэний дэд бүтцийн хэд хэдэн объектод хохирол учирсан тухай Донецк, Луганскийн эрх баригчид мэдээлж байна. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөн хийлөгч Владимир Путинтэй уулзаж, улсынх нь эргэн тойронд үүссэн хямралыг зохицуулахыг санал болгов. Тэрбээр Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр ийм санал дэвшүүлээд, Орос улс юу хүсэж байгааг мэдэхгүй учраас хэлэлцээ хийх санал тавьж байна гэжээ. Тус бага хурлын үеэр В.Зеленский Германы Канцлер Олаф Шольц, Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис нартай уулзсан байна. Тэд Украины асуудлаарх хурцадмал байдлыг намжаахын тулд дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлэх ёстой хэмээн үзэж буйгаа мэдэгджээ.
Байдал ингэж хурцадсантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулах, Францын Төрийн тэргүүн Эммануэль Макрон ОХУ-ын удирдагчтай утсаар ярихаар шийдсэн байна