Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс алба хаагчдын эрүүл мэнд, харилцаа хандлага, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх, хүний эрхийг дээдлэхэд чиглэсэн нөлөөллийн ажиллагаа явуулж буй. Мөн нөхөрсөг, сахилга хариуцлага, ёс зүйтэй, манлайлагч, албандаа хүндэтгэлтэй хандах, ажил хэрэгч байх чиглэлээр гаргасан санал, санаачилгыг дэмжсэн соён гэгээрүүлэх “Соёл, дэг журмыг өөрөөсөө эхэлье” нөлөөллийн аяныг энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын даргын тушаалаар “Цагдаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа”-г өчигдөр /2022.02.17/ тус газрын хурлын зааланд зохион байгууллаа. Цагдаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа коронавируст цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд зохион байгуулагдаагүй тул тус газарт шинээр томилогдсон 105 алба хаагчийг хамруулан тангаргийг өргүүллээ.