“Украин болон бусад улсад ямар нэг эвсэлд нэгдэх, эсэх талаар АНУ шахалт үзүүлэхгүй. Улс бүр тусгаар тогтнох, нутаг дэвсгэр нь бүрэн бүтэн байх эрхтэй. Энэ нь тэдний сонголт” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки сэтгүүлчдэд мэдэгдэв.
Мөн түүний хэлснээр АНУ-ын эрх баригчид Оростой дипломат хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлэх бодолтой байгаа ч тус хоёр улсын удирдагч Жозеф Байден, Владимир Путин нар дахин холбоо тогтоох, эсэх талаар Америкийн талд хараахан мэдээлэх зүйл алга байна. Тэд хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт утсаар ярьсан билээ. Украин дахь америкчуудыг ОХУ онилбол АНУ хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэхдээ Ж.Байден тагнуулын ямар нэг мэдээллийг үндэслэн хийгээгүйг Ж.Псаки тэмдэглэжээ.
Үүний сацуу Украины эргэн тойрны асуудлыг Германы Канцлер Олаф Шольц Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцэв. Үүний дараа болсон хэвлэлийн хурлын үеэр О.Шольц “НАТО-г дорно тийш дахин өргөжүүлэх асуудалтай бид одоогийн албан тушаалдаа байх хугацаандаа тулгарах нь юу л бол. Ерөнхийлөгчийн албан тушаалыг хэр удаан хаших гэж буйг би сайн мэдэхгүй, илүү удаан хашиж магадгүй. Гэхдээ үүрд биш” гэж хэлсэн байна. Нөгөөтээгүүр, Баруун болон Өмнөд цэргийн тойргийн анги, нэгтгэлүүд нь сургуулилалтаа дуусгаад, буцаж эхэлж байгаа тухай ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэв. Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украины хилээс ОХУ цэргээ татаж байгаа талаар ямар ч нотолгоо байхгүйг мэдэгдэв. “Дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлэхэд бэлэн тухай Москвагаас ирж буй дохио нь бидэнд өөдрөг байх үндэслэл болж байна. Гэсэн ч бид Оросын юу хийж байгааг үргэлжлүүлэн хянана” гэж тэрбээр хэллээ. Тэрчлэн ОХУ цэргээ татаж буй мэдэгдлээ үйлдлээр нотлох ёстой хэмээн Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок Испанийн нийслэл Мадридад болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Үүний зэрэгцээ өөрийгөө зарлан тунхагласан Донецк болон Луганск улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг Ерөнхийлөгчөөсөө хүсэх тухай ОХУ-ын Коммунист намын саналыг тус улсын парламентын доод танхим дэмжив. “Хэрэв Төрийн думын Бүгд Найрамдах Донецк Улс, Бүгд Найрамдах Луганск Улсыг хүлээн зөвшөөрвөл энэ нь Орос улс Минскийн хэлэлцээрээс гарахыг илтгэнэ. Энэ байр сууриа түншүүддээ хэдийн анхааруулсан” гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба үүний өмнө хэлсэн байна. В.Путин урьд нь Киевийг Минскийн хэлэлцээрийг биелүүлээгүй хэмээн буруутгаж, 2015 оны уг баримт бичгийг, тэрчлэн Нормандын хэлбэрээр тухайлбал, Берлин, Парист хүрсэн тохиролцоонуудыг мөрдөхөөс татгалзаж байгаагаа мэдэгдсэн билээ. Донбассын оршин суугчдын байдлыг оросуудын дийлэнх олонх нь ойлгож байгаа, парламентын гишүүд олон нийтийн санаа бодлыг үндэслэн дээрх саналыг дэвшүүлсэн гэж В.Путин тэмдэглэжээ. Украин мөрдөхөөс татгалзаж байгаа ч Минскийн хэлэлцээр хэрэгжих боломжтой гэж тэрбээр үзэж байна. Тэгвэл Германы Канцлер “Украин, Орос гэлтгүй бүгд Минскийн хэлэлцээрийг дагаж мөрдөх ёстой. Харин Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь улс төрийн сүйрэл болно” гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсаныхаа дараа тэрбээр Минскийн гэрээнд заасны дагуу Донбасст онцгой статус олгох болон орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр Киев төлөвлөж байгааг тэмдэглэсэн билээ.