Хуульч Ү.Амарбат нь Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр томилогдоод буй. Энэхүү зөвлөл нь 9 гишүүнтэй бөгөөд олон нийтийг төлөөлж, дээрх банканд өртэй ААН-үүдээр өрийг нь төлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.
"Бэрэн групп" нь Хөгжлийн банкнаас хоёр том зээл авсны нэг нь Орхон аймаг дахь арматурын үйлдвэр юм байна. Энэ бол улс орны бүтээн байгуулалтад чухал нөлөө үзүүлэхүйц төсөл боловч, харамсалтай нь Хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд багтаад байгаа юм. Өөр нэг нь “Хангай хотхон”-ы Ё блок.
Тодруулбал “Бэрэн групп” ХХК-ны “Хангай хотхон”-ы 6 блок, дуусах дөхөж байгаа гурван блокыг барьцаанд тавьж, Хөгжлийн банкнаас 11.7 сая долларын зээл авчээ. Гурван жилийн дотор буюу 2020 онд зээлийн эргэн төлөлт хийгдэх хугацаа дуусгавар болсон байна. Одоогийн байдлаар ердөө 100 мянган доллар эргэн төлсөн гэнэ. Ингэхээр 15.5 сая долларын өр төлөх дутуу гэсэн үг. Хэрэв төлж чадахгүй бол зээл өгсөн Хөгжлийн банк болон тус байрыг худалдаж авсан иргэдийн хооронд асуудал үүсэх хэмжээнд хүрч болзошгүй.
Өөр нэг асуудал нь Хөгжлийн банк баригдаж дуусаагүй барилгыг барьцаанд авчихсан. Харин “Бэрэн групп” ХХК өөр газарт эдгээр барилгуудыг барьцаанд тавьчихсан байх магадлалтай байгаа юм байна
Ү.Амарбатын хэлж буйгаар “Зээлийн хяналтын тайланг уншиж үзэхэд, 11.7 сая долларыг Ё блокны төсөлд хөрөнгө оруулсан гэдэг баримтыг Хөгжлийн банканд гаргаж өгөх ёстой. Энэ талаар хуульч миний бие судалж үзэхэд, зарим нотлогоо нь асуудал дагуулж байгаа юм. Тодруулж хэлбэл, зээлийн зарим хэсэг нь зориулалтын бусаар ашиглагдсан байх боломжтой гэж үзэж байна. Иргэд “Хангай хотхон”-ноос орон сууц худалдаж авахдаа “Хөгжлийн банкны өрийг төлөгдөж байгаа. Төлөгдсөн тохиолдолд таны өмч суллагдана” гэсэн баталгааг үндсэн компаниас заавал шаардаж авахыг зөвлөж байна. Ингэж гурвалсан хамтын ажиллагаа үүсгэж байж нэг талдаа өр төлбөр төлөгдөнө. Нөгөө талдаа байр орон сууцаа бүрэн бүтэн авах боломж бүрдэх юм” хэмээв.