Бразил улс энэ оны нэгдүгээр сард Амазоны ойн 430 ам км талбайн модыг тайрсан нь өнгөрсөн оны нэгдүгээр сарынхаас тав дахин их үзүүлэлт болохыг хиймэл дагуулаас авсан мэдээлэл нотлов. Мод огтлох зөвшөөрлийг хязгаарлаагүй тус улсын Ерөнхийлөгч Жаир Болсонарог байгаль хамгаалагчид буруутгажээ. Амазоны ургамлыг хамгаалах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зайлшгүй шаардлагатайг тэд онцолж байна. Үерийн татам дахь хэсгийг нь мод бэлтгэх, мөн газар тариалан эрхлэх талбай гаргахын тулд огтолдог аж.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Шотландын Глазго хотод болсон уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр 100 гаруй улс 2030 он гэхэд ой мод руу халдахаа багасгаж, устсаныг сэргээхээр амласан билээ. Ой мод устгасантай холбоотой мах, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэгчдээс татгалзахыг Британи болон бусад орны супермаркетуудад экологийн “Гринпис” байгууллагаас уриалж байна. Амазоны ой нь Бразилын уугуул иргэдэд маш чухал ач холбогдолтой. Ойг уул уурхай, газар тариалангийн зориулалтаар ашиглаж, амьдралаа залгуулдаг тэдний хувьд мод огтлох нь хамгийн эмзэг асуудал юм. Гэтэл Бразилын Засгийн газар мод тайрах хэмжээ буурч байна хэмээн мэдэгддэг аж. 2019 онд Ерөнхийлөгч Болсонаро албан тушаалдаа орсноос хойш ойн хууль, эрх зүйн хамгаалалтыг эрс сулруулсан гэж байгаль хамгаалагчид мэдэгджээ