Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх Ханнс-зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленктэй уулзлаа.
Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дарга, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Батболд, Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, “Эрх зүйн боловсрол” академийн захирал А.Энхтуяа, төслийн ажилтан С.Мөнхжаргал нар оролцсон.
Монголын Хуульчдын холбоо нь 2018 онд Ханнс-Зайделийн сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, эрдэм шинжилгээ, онол-практикийн хурал, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулах, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хэрэгжүүлж ирсэн байдаг.
Энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 2022 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцсан. Энэ онд Монголын Хуульчдын холбоо нь Ханнс-Зайделийн сантай хамтран 6 ажлыг хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, Хуульчдад зориулсан сургалтын тусгайлсан хөтөлбөр шинээр боловсруулахад Ханнс-Зайделийн сангаас дэмжлэг үзүүлж, Германы эрдэмтэн, судлаачдаас зөвлөгөө авах боломжоор хангахаар болсон бөгөөд тус жишиг хөтөлбөрийн дагуу хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулахаар болсон.
Мөн хуульчдын дунд байгаль орчны эрх зүйн сэдвээр бичвэрийн уралдаан зарлах, хуульчид болон олон нийтэд зориулан Хөдөлмөрийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-иар видео хичээл бэлтгэн хүргэх, иргэдэд хууль сурталчлах, эрх зүйн зөвлөгөө өгөх зорилгоор цуврал подкаст бэлтгэх, хуульч, судлаач, эрдэмтдийг хамруулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм.