Эргэлт.мн мэдээллийн сайтын редакцад ЭЦА-аас нэгжлэг, шалгалт хийсэн гэнэ. "Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутгаас их хэмжээний мод шилжүүлэн суулгах тусгай зөвшөөрөлтэй гэх нэрээр хэдэн зуун мянган зулзаган модыг дуртай газраасаа үндсээр нь булгалж, машин машинаар зөөж, Улаанбаатар хотын тансаг хотхонуудын ногоон байгууламжийг бүрдүүлэлцэж байгааг тус сайтын сэтгүүлч өнгөрсөн намар газар дээрээс нь сурвалжилсан нь ийн шалгуулах үндэслэл болжээ. Тухайн үед нийтлэл гарсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраас ч "Шилжүүлэн суулгах зориулалттай модыг "Тэрбум мод" тарих аяны тоонд оруулаагүй" хэмээн мэдэгдэл гаргаж байжээ. Тэгвэл өнөөдөр Эрүүгийн цагдаагийн газраас Ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүдийн гомдлоор Эргэлт.мн сайтын редакцад нэгжлэг хийсэн аж.
Улмаар Эрүүгийн нэр бүхий тасгийн дарга нь цахим орчинд нэгжлэг хийсэн талаарх пост сэтгүүлчийг дуудан "Яах гэж пост оруулж байгаа юм. Танай байгууллагад хийх үзлэг, шалгалтын зөвшөөрөл, бусад бичгийг та нарт үзүүлэх шаардлагагүй. Сар шинийн дараа жинхэнэ нэгжлэг, үзлэгээ хийнэ. Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан учраас чамд зарлан дуудах явуулна. Твиттерээр дүүрэн байгаа тэр постоо хар” гэж сэтгүүлчийг загнасан байна. Тиймээс тус сайтынхан шаардлагатай бол хэвлэлийн хурал зарлан бодит баримтуудыг дэлгэж, эрхээ хамгаалуулахаар Монголын болон Олон улсын холбогдох байгууллагуудад хандахаар болжээ.
Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс энэ талаар тун удахгүй мэдээлэл хийж, хариу тайлбар өгөх аж.