АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл хэвлэлийн бага хурал хийж байна. Тус зөвлөлд цус сэлбэж орж ирсэн “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт "Авлигатай тэмцэх хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө асуудалтай байна. Авлигын талаар мэдээлэхээр очсон иргэд өөрсдөө гэм буруутан мэтээр харагдаж буй" гэлээ. Харин сэтгүүлч Б.Отгон "Хөгжлийн банкнаас зээл авсан улстөрчид анхнаасаа зээлээ төлөхгүй гэж хэлэлцсэн байдаг. Улмаар хэдэн их наядаар нь зээл авсан. Үүнийг ард түмэн төлөх дээрээ туллаа. Ард түмэн төлөх ёсгүй. Тиймээс авлигал хэмээх хорт хавдраас олон нийт хамтдаа сэргийлэх хэрэгтэй байна. Улстөрчид алтны уурхай, ББСБ-даа зээл авч ирсэн. Үүнд аудитын байгууллага хяналт тавиагүй. Тиймээс ҮАБЗ-д асуудал тавьж шалгуулах болно" гэлээ.
Г.Баярсайхан "Хөгжлийн банкны тухай хууль бий. Үүнийг УИХ, Засгийн газар, Монголбанк, аудитын байгууллага хамт нарийн зохион байгуулалттай баталсан. Гэтэл Монгол Улсыг хөгжүүлэх үүрэгтэй эл газарт хэн ч хяналт тавьсангүй. Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжихгүй байна. АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс зөвхөн 26 компани биш бүгдийг нь нийтийн сонсголын дагуу нээлттэй хэлэлцүүлэх шаардлагатай байна" хэмээв.
Тус зөвлөлийн тэргүүн Г.Баасан юм. Зөвлөлийн гишүүнээр “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, сэтгүүлч Б.Отгон, Л.Оюунтунгалаг, “Ангууч” буюу Б.Баттөр, Монголын Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Д.Даваадорж, А.Баянмөнх, Ц.Батболд П.Бадамрагчаа Г.Баярсайхан Г.Ганбат Д.Гантөмөр, Э.Мөнхжаргал, Ц.Нарангэрэл, М.Отгонбаяр нар ажиллаж байгаа билээ.