Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангаж эхэлжээ. Тодруулбал, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, тасаг, алба, салбаруудын харилцан ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор өчигдөр тактик тусгай бэлтгэлийн цогцолбор 30 км явган маршийг зохион байгуулсан байна. Маршийн явцад хичээлийн дөрвөн цэгт буюу тактикийн норматив биелүүлэх, тасаг, салааны захирагч нар бүрэлдэхүүнийг удирдах чадварт сургах, хугацаат цэргийн алба хаагчдыг газар орон дээрээс цэргийн холбоог шууд зохион байгуулах, хордсон газар орныг туулах чадваруудыг олгож, үүрэг гүйцэтгүүллээ. Мөн байнгын бүрэлдэхүүн болон хугацаат албаны дайчдад энхийг дэмжих ажиллагааны талаар мэдээлэл өгч, машинд үзлэг хийх, цувааны хамгаалалтыг хэрхэн зохион байгуулах талаар нэмэлт сургалт явуулсан нь энэ удаагийн явган маршийн онцлог байсан юм.