Монголын "Эмнести интернэшнл" байгууллагад эмч, эмнэлгийн ажилтны эрхийг зөрчсөн гэх гомдол мэдээлэл цөөнгүй иржээ. Тухайлбал, тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд олноороо халдварт өртөж, илүү цагийн хөлсөө бүрэн аваагүй, ажлын таатай нөхцөлөөр хангагдаагүй, бухимдсан иргэдэд хэл амаар доромжлуулах, бие махбодын халдлагад өртөх болон үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө анхан, дунд шатны удирдлагуудын дарамтан дор ажиллаж байгаа тухай гомдол ирсэн аж. Эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалахгүйгээр бид "Ковид-19" цар тахлаас хүн амаа хамгаалж чадахгүй. Тиймээс тус хүний эрхийн байгууллагаас эрх баригчдаас "Эмч, эмнэлгийн ажилтнуудыг зохих ёсоор хамгаалж, ажлын таатай нөхцөл бүрдүүлэхийг шаардацгаая" хэмээн уриалга гаргажээ.