Манай улсад ялгаварлан гадуурхалт амь бөхтэй оршсоор буй. Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа ялгаварлан гадуурхалтын өнөөгийн нөхцөл байдлыг судалжээ. “Ялгаварлан гадуурхалтын тухай ойлголт, эрх зүйн зохицуулалт” судалгааг бүрэн эхээр нь хүргэж байна.
1. Ялгаварлан гадуурхах гэмт хэргийн тухай ойлголт, тодорхойлолт
Ялгаварлан гадуурхах үйлдэл: Нийгмийн тодорхой бүлгийн гишүүнийх нь хувьд хүмүүстэй бусад хүмүүсийн адил эрх тэгш хандахгүй байх үйлдлийг ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ гэнэ. Боловсрол, ажил хөдөлмөр эрхлэлт, бүх төрлийн үйлчилгээ авахад ямар нэг нийгмийн бүлэгт харьяалагдах мөн чанараар нь буюу үндэс, шашин, үндэс угсаа гэх мэт хүчин зүйлсээр хүмүүсийг ялгаварлан гадуурхах гэдэг нь тухайн хүнийг эрхээ эдлэх тэгш боломж олгохгүй байхыг хэлдэг. Бусдыг ялгаварлан гадуурхах нь хувь хүний дургүйцэл эсхүл үзэн ядах сэдэлттэй байдаг.
Үзэн ядах сэдэлт: Үзэн ядалт гэдэг латин гаралтай "Одиум" гэсэн үг бөгөөд хүнд дайсагнах, дургүйцэх мэдрэмж болон илэрхийллийг хэлдэг. Үзэн ядалт нь хор хөнөөлтэй, аюултай үр дагаврыг бий болгодаг ба үзэн ядалтын улмаас хүний амь нас ч хохирч болох бөгөөд энэ нь тухайн хүний хийсэн үйлдэл, зан үйлээс үүдэлтэй байдаг. Монгол улсын Эрүүгийн хуульд зарим төрлийн хэрэгт “үзэн ядалт”-ыг сэдэлт гэж тодорхойлсон бөгөөд бие даасан гэмт хэргийг мөн хуулийн 14.1 дүгээр зүйлд “Ялгаварлан гадуурхах” гэмт хэрэг гэж хуульчилсан.
Ялгаварлан гадуурхах гэмт хэрэг: Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл (“үндсэн гэмт хэрэг”) ба хохирогчийг тодорхой мөн чанараар нь ялгаварласан ялгаварлалтад үндэслэсэн (“ялгаварлан гадуурхах сэдэлт”) үйлдлийг хэлнэ.
Ялгаварлан гадуурхах сэдэлт нь хохирогчийн ямарваа нэг бүлгийн харьяаллыг нь илтгэх гүн, үндсэн мөн чанар болох үндэс угсаа, шашин, хэл, хүйс, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, мэргэжил гэх мэт мөн чанараар нь ялгаварлах сэдэлт юм.
2. Олон улсын хэм хэмжээ:
- Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (1966)
- Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт (1966)
- Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц (1965)
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц (2006)
- Хүүхдийн эрхийн тухай конвенц (1990)
- Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (1979)
- Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 111 дүгээр конвенц (1958)
- Боловсролын талаар алагчилахтай тэмцэх тухай конвенц (1960)
- Хөгжих эрхийн тухай тунхаглал (1986)
- Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийг олон улсын хүний эрхийн эрх зүйд ашиглах тухай Жогжакартагийн зарчим (2006)
- Хүний эрхийн боловсрол, сургалтын талаарх тунхаглал (2011
Хүүхдийн эрхийн тухай конвенц | Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц |
Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчилахгүй энэхүү Конвенцид заасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана. | Оролцогч улсууд нь хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас бүх хэлбэрээр алагчилах явдлыг хориглох бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ямарваа хэлбэрийн алагчилалд өртөхөөс хамгаалах адил тэгш, үр дүнтэй хууль зүйн хамгаалалтыг бий болгоно |
Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц | Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц |
Энэхүү Конвенцид “арьс үндсээр алагчилах” гэж улс төр, эдийн засаг, нийгэм, соёл болон нийгмийн амьдралын бусад салбарт хүний эрх, үндсэн эрх чөлөөг тэгш хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад хийх, үгүйсгэх зорилго бүхий арьс үндэс, арьсны өнгө, ураг төрөл, үндэсний буюу угсаатны гарал үүслийн үндсэн дээр ялгаварлах, онцлох, хязгаарлах буюу дээрд үзэхийг хэлнэ. | Энэхүү Конвенцийн зорилгоор “эмэгтэйчүүдийг алагчилах” гэсэн нэр томьёо нь гэрлэлтийн байдлаас үл хамаарч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, иргэний болон аливаа бусад салбарт эмэгтэйчүүдийн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад хийх, эсхүл үгүйсгэх үр дагавар, эсхүл зорилго бүхий хүйсээр ялгаварлах, үгүйсгэн гадуурхах буюу хязгаарлахыг хэлнэ. |
Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн “жендэрт суурилсан хүчирхийлэл”-ийн тодорхойлолт | НҮБ-ын “эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл”-ийн тодорхойлолт |
Эмэгтэй хүн, охин, эрэгтэй хүн эсвэл хөвгүүний эсрэг үйлдсэн, тухайн хүндээ биемахбодын, бэлгийн, сэтгэлзүйн эрүүл мэнд, хөгжил, эсвэл түүний илэрхийлэлд нь сөрөг үр дагавар үүсгэсэн аливаа хор хөнөөл эсвэл шаналал. Хүчирхийллийн шалтгаан нь жендэрт суурилсан эрх мэдлийн тэгш бус байдал, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэй байна. | Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын эрх мэдлийн тэгш бус түүхэн харилцааны илрэл нь эрчүүд эмэгтэйчүүдийг дарангуйлах, ялгаварлан гадуурхах, эмэгтэйчүүдийг бүрэн дүүрэн хөгжихөд саад болдог ба эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээр дамжуулан эрэгтэйчүүдийн дор туслах байр сууринд эмэгтэйчүүдийг аваачдаг нийгмийн ноцтой механизмуудын нэг |
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тухай тунхаглал, Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, тэмцэх тухай Истанбулын конвенц дахь “эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл” (ЭЭХ)-ийн тодорхойлолт | |
1) Хүний эрхийн зөрчил 2) Ялгаварлан гадуурхсан үйлдэл 3) Эмэгтэй хүнд биемахбодын, бэлгийн эсвэл сэтгэлзүйн хор хөнөөл, шаналлыг албадах, эрх чөлөөг нь хязгаарлах зэрэг аюул заналхийлсэн үйлдлийг оролцуулан нийтэд илээр, мөн хувийн амьдралд нь эсэхээс үл хамааран нэгэнт учруулсан, эсвэл учруулахуйц шинжтэй хүчирхийлсэн үйлдэл |
3. Ялгаварлан гадуурхах гэмт хэргийн эсрэг үндэсний хэм хэмжээ
Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван дөрөвдүгээр зүйл.
1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйл. Ялгаварлан гадуурхах
1.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.бүлэглэж;
2.2.хүч хэрэглэж;
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Ялгаварлан гадуурхах үйлдэл эс үйлдэл
Тодорхой хувь хүнийг мөн чанараар нь ялгаварласны улмаас эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол гэмт хэрэгт тооцогдож байна. Эс үйлдэхүйгээр ялгаварлан гадуурхах гэдэг нь тухайлвал Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулах, мөн хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ажлын цагийг богиносгох, ээлжийн амралтыг уртасгах, аж ахуйн нэгжид хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаар заасан боловч энэ үүргээ биелүүлэхгүй байх.
Ялгаварлан гадуурхалт үйлдэгдэж буй нөхцөл байдал
2019-2021 оны хооронд ялгаварлан гадуурхах үйлдэлд өртсөн тухай 6 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдснээс 1 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ төрлийн гэмт хэрэг огт үйлдэгдэхгүй байна уу эсхүл илрүүлж чадахгүй байна уу?
- Ялгаварлан гадуурхах гэмт хэрэгт өртсөн боловч үүнийгээ шалгуулж чадахгүй, гомдол гаргаж чадахгүй байгаа шалтгаан нь тухайлвал бэлгийн цөөнх нь насан туршдаа нийгэм болон гэр бүлээс ирэх шахалт, доромжлолоос айсан сэтгэл зүйн дарамттай байдаг тул нийгэмд тэр болгон ил гарч өөрсдийгөө илэрхийлдэггүй бөгөөд хувийн нууц нь алдагдана гэсэн айдас /гэр бүл, найз нөхөд, ажлын газрын хүмүүс өөрийнх нь талаар мэдэх боломжтой/
- Өгсөн мэдүүлэг тайлбар нь бусдад задрах магадлалтай, эрх бүхий албан тушаалтнуудын харилцаа, хандлага /гомдол хүлээн авахгүй байх, зүй бус үгээр доромжлох, харьцах, үл хүндэтгэх/,
- Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны талаарх болон хүний эрхийн талаарх ойлголт дутмаг (эрхийг нь танилцуулах ажиллагаа хэлбэрийн төдий явагддаг),
- Тэгш хандана гэсэн итгэл үнэмшилгүй бөгөөд хохирогчийн хувь хүний илэрхийллийг хүндэтгэхгүй байх айдсаас улбаатай байх.
Бодит нөхцөл байдалд бусдыг ялгаварлан гадуурхах үйлдэл, хандлага, үг хэллэг зэрэг хүмүүсийн илэрхийлэл түгээмэл байгаа нь нууц биш. Манайд түгээмэл үйлдэгддэг ялгаварлан гадуурхалтын төрөл:
1. Бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхах /бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа өөр хүмүүсийг доромжлох, төрийн албан хаагчдын ялгаварлан гадуурхах хандлагаас айж гэмт халдлагад өртсөн ч гомдол гаргаж чаддаггүй
2. Жендэрийн ялгаварлан гадуурхалт / ихэнхдээ эмэгтэйчүүдийг сул дорой эсвэл эрчүүдээс доогуур гэж үзэх хандлага/
3. Хөдөлмөрийн ялгаварлан гадуурхалт /50-иас дээш настай хүмүүсийг хөгшин гэж үзэн ажилд орох боломжийг нь бууруулдаг/
4. Цалин хөлсний ялгаварлан гадуурхалт / Статистикийн хорооноос гаргасан мэдээнээс авч үзвэл 2021 оны байдлаар дундаж цалин эрэгтэйчүүдийнх 1.4 сая, эмэгтэйчүүдийнх 1.2 сая төгрөг, Оюутолгойн монгол ажилчид сард 2-5 сая гадаад ажилчид 20-40 саяын цалин авдаг гэх мэдээлэл
5. Гадаад төрхөөр ялгаварлан гадуурхах /царайны төрх, таргалалт г.м байдлаас болж бусдын доог тохуу болох/
6. Хөгжлийн бэрхшээл, өвчний улмаас ялгаварлан гадуурхах / Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхийн хамгийн гадуурхагдсан бүлгүүдийн нэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм. Тахир дутуу хүмүүсийг бие махбодь бус нийгмээр хязгаарладаг гэж үздэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг 2019 оны жилийн эцсийн байдлаар НХХЯ-наас судлаж үзэхэд 13 яамд хөгжлийн бэрхшээлтэй 8 хүн ажилладаг бөгөөд 6 яам хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаггүй гэжээ. Хот дотор тэргэнцэртэй хүмүүс нийтийн тээврээр зорчих ямар ч нөхцөл бүрдээгүй буюу тусгай тоноглолтой автобус байхгүй мөн эдгээр хүмүүс барилга байгууламжийн орчинд нэвтрэх боломж хязгаарлагдмал байна/
7. Шашны ялгаварлан гадуурхалт / Шашны итгэл үнэмшил, тэдгээрээс улбаатай зан заншлын хувьд хүнийг гутаан доромжлох /
8. Хэлний ялгаварлан гадуурхалт / Хувь хүн эсвэл нийгмийн бүлгийг тэдний хэл яриа, аялга, аялгууны улмаас доромжлох/
9. Эдийн засгийн ялгаварлан гадуурхалт / Энэ нь хүмүүсийн хооронд мөнгө эсвэл эд хөрөнгийн хэмжээгээр ялгааг бий болгодог бөгөөд нийгмийн анги давхаргад үндэслэн ялгаварлан гадуурхахад хүргэдэг/
10. Нийгмийн давхаргаар ялгаварлан гадуурхах / Энэ нь тодорхой хувь хүмүүсийг нийгэмд авч болох ашиг тусаар нь ялгаж гадуурхдаг. Эдийн засаг, нийгмийн ялгаварлан гадуурхалт нь орлогын тэгш бус байдал эсвэл боловсролын боломжоос үүдэлтэй
11. Сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалт /Сургуулийн сурагчид үе тэнгийнхнийхээ дунд бие махбодийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж буй хандлага/
5. Дүгнэлт
Ялгаварлан гадуурхах хандлага нь хүний үндсэн эрх, эрх чөлөөнд халддаг бөгөөд хүнийг ямар нэгэн нийгмийн бүлэгт харьяалагддагийнх нь төлөө ялгаварлан гадуурхах, ялгаварлан гадуурхалтаа туйлширмал байдлаар илэрхийлж буй үйлдэл түгээмэл байна. Тэр ч утгаараа ялгаварлан гадуурхах хандлага нь хүний эрхэм чанар, хувь хүний онцлогийг үгүйсгэдэг ба хүн бүр хуулийн тэгш хамгаалалтад байх эрхийг зөрчиж байдаг.
Хүнийг хүйсийн баримжаа, бэлгийн чиг хандлагаас нь болж ялгаварлан гадуурхсаны улмаас чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаад улсруу явах, оршин суух боломжгүй болох эсхүл нийгэм болон цахим орчинд өөрийгөө болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй болох, намын харъяаллаас болж ажлаасаа халагдан ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхээ эдлэж чадахгүй байх зэрэг олон тохиолдлыг энд дурьдаж болно.
Нийгмийн хандлагыг өөрчлөх, хүний эрхийн тухай ойлголтыг системтэйгээр түгээх үүднээс ялгаварлан гадуурхалтад өртөж буй нийгмийн хэсгийн талаар бодит мэдээлэл, статистикт тулгуурлан та бүхэнд цуврал нийтлэлээр хүргэх болно.
[1] https://de.wiktionary.org/wiki/Odiu
[2] ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 2.14. “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол”ы
[3] ЛГБТТөвтэй нууцлалын гэрээ байгуулж авсан бодит кейсүүд
[4] УИХ-с томилогдсон Оюутолгой ХХК-г шалгах ажлын хэсгийн дүгнэлтээс
[5] https://mn.warbletoncouncil.org/tipos-de-discriminacion-3016#menu-14
[6] НХХЯ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: бодлого, үйл ажиллагаа 2020, 54 дүгээр тал
[7] https://mn.warbletoncouncil.org/tipos-de-discriminacion-3016#menu-14