Индонезийн парламент тус улсын нийслэлийг Зүүн Калимантан муж руу шилжүүлэх хууль баталлаа. CNN телевизийн мэдээлснээр парламентын хуралд 575 гишүүний 305 нь оролцсон байна. Шинэ нийслэлийг Нусантара гэж нэрлэх аж. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо 2019 онд нийслэлээ Жакартагаас нүүлгэх төлөвлөгөөгөө зарласан юм. Эл зорилгод бараг 32 тэрбум ам.доллар хуваарилжээ. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас уг төслийг түр зогсоосон юм.
Одоогийн нийслэл Жакарта нь 2050 он гэхэд усанд автах аж. Дэлхийн хамгийн том хотуудын нэг болох тус хот замын түгжрэл, агаарын бохирдол ихтэй. Мөн 2030 он гэхэд Жакарта Токиог гүйцэн 35.6 сая оршин суугчтай болж, дэлхийн хамгийн олон хүн амтай хот болно. Ж.Видодогийн хэлснээр нийслэлийн шинэ байршил нь байгалийн гамшиг, үер, газар хөдлөлт, цунами, ойн түймэр, галт уул, хөрсний гулгалтын хувьд эрсдэл багатай. Мөн нүүлгэлт нь Жакарта байрладаг Ява болон бусад арал хоорондын байгалийн нөөц хуваарилалтын зөрүүг багасгах гэнэ. Шинэ нийслэлийг барьж байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийнхэн санхүүжүүлэхээр төлөвлөжээ.