Японы баруун өмнөд нутгийн Амами арлуудын эрэгт 1.2 м орчим өндөр цунами бүртгэгдсэн тухай NHK телевиз мэдээлэв. Үндэсний цаг уурын албаных нь мэдээлснээр эдгээр арал орчимд гурван метр хүртэл өндөр давлагаа үүсэж болзошгүй.
Үүний сацуу Номхон далайн эрэг дагуух, Японы янз бүрийн бүс нутагт 30-90 см өндөр цунами бүртгэгджээ. Тонгагийн хаант улсад өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр усан доорх Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уулын дэлбэрсний улмаас цунами үүссэн гэж Японы Үндэсний цаг уурын албаны төлөөлөгч мэдээлэв. Түүний хэлснээр энэ удаагийн цунами нь газар хөдлөлтөөс үүдэлтэйгээс ялгаатай бөгөөд урьдчилан таамаглахад илүү төвөгтэй тул нөхцөл байдал хурдан хүндрэх магадлалтай аж. Японы оршин суугчдыг эрх баригчдаас зааварчилгаа өгөх хүртэл далайн эрэг орчмын нутгаас яаралтай шилжин байрлахыг уриалжээ. Үүний дагуу 210 мянга оршин оршин суугч нүүх шаардлагатай болсон тухай “Kyo¬do” агентлаг мэдээллээ. Үүнд Номхон далайн эргийн Аомори, Иватэ, Мияги мужийн зүүн хойд, Тибагийн зүүн, Котигийн баруун, Миязаки, Кагосимагийн баруун өмнөд нутгийн оршин суугчид хамрагджээ. Мөн дотоодын 24 нислэгийг цуцалсан байна. Коти мужийн боомтуудад усны түвшин эрс дээшилсний улмаас 20 хөлөг онгоц хөмөрч, эсвэл далай руу шидэгдсэн гэнэ. Тэдгээрт хүн байгаагүй аж.
Байдал харьцангуй тайван байгаа ч цунамигийн эхний нам давлагааны дараа илүү өндөр нь үүсэж болзошгүйг анхааруулжээ.
Японоос гадна Чилийн Үндэсний онцгой байдлын алба Тонгагийн хаант улсад галт уул дэлбэрсний дараа зургаан бүс нутагтаа цунамигийн аюулаас сэрэмжлүүллээ. Тодруулбал, Арика, Паринакота, Тарапака, Атакама, Кокимбо, Лос Риос, Лос Лагос мужийн эрэг орчмын нутаг дэвсгэрт цунамигийн улаан дохио зарлажээ. Эдгээр бүс нутгийн оршин суугчдыг аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлж байна. Тус улсын бусад долоон бүс нутагт наран шарлагын газраас гарахыг иргэддээ зөвлөжээ. Чилийн геологийн албаны мэдээлснээр Тонгагийн галт уулын дэлбэрэлт нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн хүчтэйд тооцогдож, энэ нь тус улсын хамгийн том арал болох Тонгатапугийн эрэгт бүртгэгдэж, хэд хэдэн жижиг цунами үүсэх шалтгаан болсон юм.