Өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 995 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 27 хүн гэмтэж бэртэж, хоёр хүн амиа алджээ.
Хүн гэмтсэн нийт ослын 16 нь нийслэлд бүртгэгдсэн бол найм нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал,нийслэлд, явган зорчигч мөргөх хэлбэрээр 12 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтсэн. Мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтжээ.
Харин орон нутагт, онхолдох хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн бол мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж, 2 хүний амь нас хохирчээ.
Мөн дээрх хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 257 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Түүнчлэн энэ долоо хоногт ослын улмаас таван хүүхэд гэмтэж бэртсэн байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, зам хөндлөн гарахдаа гараас нь хөтлөн явах болон хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөлөө.