АНУ, түүний Европ дахь холбоотнууд олон жил татгалзаж байсан хэд хэдэн асуудлыг ОХУ-тай хэлэлцэхэд бэлэн буйгаа мэдэгдэв. Энэ бол Орос, АНУ болон Орос, НАТО-гийн түвшинд олон өдөр үргэлжилсэн дипломат марафоны үр дүн юм. Тухайлбал, пуужингийн систем байрлуулахыг хязгаарлах, сургуулилалтын цар хүрээг багасгах, цэргийн шугамаар харилцаа холбоогоо сэргээх асуудал хэлэлцэхээр болжээ. Гэхдээ НАТО нээлттэй хаалганы бодлогоо орхихгүй, Москва шаардаж байгаачлан цэргийн хүч, дэд бүтцээ 1997 оны байрлал руу татахгүй гэдгээ мэдэгджээ. Орос, Өрнөд хоорондын харилцааны байдал түгшүүртэй, урьдчилан таамаглах аргагүй хэвээр байна.
Киев эвслийн гишүүнээр элсэхэд бэлэн болохыг зөвхөн Украин болон НАТО-гийн гишүүн 30 орон шийднэ гэж Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ. Энэ нь ОХУ-д огт таалагдахгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко мэдэгдэв.
Швейцарын Женев хотод болсон Орос, АНУ-ын, Бельгийн нийслэл Брюссельд өрнөсөн Орос, НАТО-гийн зөвлөлийн хүрээнд хийсэн хэлэлцээний үр дүн хоёр талтай байв. Нэг талаас, сүүлийн жилүүдэд Москва урагшлуулах гээд амжилт олоогүй асуудлуудаар Вашингтон, түүний холбоотнууд бодитой хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэ нь ялангуяа, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний санал болгож буй Дунд болон ойрын тусгалтай пуужингуудыг устгах гэрээний дагуу урьд нь хориглосон системүүдийг Европт байрлуулахыг хориглох тухай юм.
ОХУ цэрэг, дипломатын довтолгоо хийж, Украинтай залгаа хил рүүгээ цэргээ татаж, хоёр гэрээний төсөл хэлбэрээр АНУ, НАТО-д тулгасан хэд хэдэн шаардлага тавьсны дараа Өрнөдийн орнуудын байр суурь өөрчлөгдсөн юм. Женев, Брюссельд болсон яриа хэлэлцээний үеэр АНУ болон Умард Атлантын эвслийн орнуудын төлөөлөгчид газарт байрлалтай дунд болон ойрын тусгалын пуужингуудыг Европын нутаг дэвсгэрт суурилуулахаас татгалзах асуудлыг харилцан тохиролцсоны үндсэн дээр Оростой хэлэлцэхэд бэлэн байгаагаа олон нийтэд мэдэгдэв.
Үүний сацуу АНУ ч, НАТО-гийн бусад орон ч ОХУ-тай хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ авах талаар хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Өрнөдийн дипломатчдын дэвшүүлсэн саналуудын олонх нь НАТО Оростой хамтын ажиллагаагаа бараг бүрмөсөн хязгаарласан 2014 оноос хойш Москвагийн хөндөх гээд чадаагүй санаануудтай давхцаж байна. Тодруулбал, тодорхой бүс нутагт цэргийн сургуулилалтын цар хүрээ, эрчмийг хязгаарлах, ноцтой хэрэг явдлаас сэргийлэх механизмыг боловсронгуй болгох, цэргийн шугамын харилцаагаа сэргээх болжээ. Орос, НАТО-ын зөвлөлийн хуралдааны үеэр Оросын төлөөлөгчдөд эвслийн төв байранд (НАТО ч мөн Москвад төлөөлөгчийн газраа сэргээх нөхцөлтэйгөөр) үйл ажиллагаагаа сэргээхийг хүссэн байна.
Гэвч 1997 оноос хойш НАТО-гийн гишүүн болсон улсуудын нутаг дэвсгэрээс цэргийн хүчин, дэд бүтцийг гаргах, тус эвслийг зүүн тийш тэлэх гэсэн хоёр үндсэн асуудлыг хэлэлцэхээс АНУ, Умард Атлантын эвсэл эрс татгалзсаныг харгалзан учир ОХУ яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх, эсэх нь тодорхойгүй байна. Орос барууны орнуудтай утга учиртай яриа хэлэлцээг сэргээхэд бэлэн байгаа, эсэх нь одоогоор тодорхойгүй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Уэнди Шерман, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар энэ хоёр салбарт Орос буулт хийх боломжгүй гэдгээ тодорхой мэдэгджээ.
Одоо тус улсын санал, шаардлагыг Австрийн нийслэл Венад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хуралeдаанаар хэлэлцэж байна.