Монголчууд хурдан морины уралдааны дааганы төрөлд сүүл мушгисан өхөөрдөм амьтныг “баян ходоод” хэмээн шагнал олгодог уламжлалтай. Ямар ч байсан давхисаар байгаад хоцроод ч болтугай барианд орж ирэх нь тэр нялх амьтны хувьд том амжилт. “Монгол хэлний их тайлбар толь”-д баян ходоод гэдгийг “Улсын баяр наадмын дааганы уралдаанд сүүлдсэн даага” гэж тодотгожээ. Харин шилжсэн утгын хувьд “Ажил хөдөлмөр, уралдаан, тэмцээнд сүүл барьсан, эцэст орсон хүн” гэсэн байна. Аливаа уралдаан, тэмцээний хамгийн “муу” нь байж, сүүл мушгисан хэрнээ шагнал хүртдэг баян ходоод Монголоос өөр газарт байхгүй л болов уу. Гэхдээ саяхныг хүртэл тийм шагнал байжээ, “Тур де Франс” уралдааны түүхэнд. Өнөөдөр дэлхийн хамгийн супер уралдаануудын нэгээр тооцогддог “Тур де Франс” 1903 оноос эхлэлтэй. Унадаг дугуйн төрлийн гурван том уралдааны нэг бөгөөд 1903 оны хамгийн анхны тэмцээнд сүүл мушгисан оролцогчид шагнал гардуулсан нь олон жил уламжлагджээ. Энэ уралдааны “баян ходоод”-д олгодог шагналыг “Лантерн руж” буюу “Улаан дэнлүү” гэдэг байсан бөгөөд галт тэрэгний сүүлчийн вагон дээрх улаан дэнлүүтэй зүйрлэсэн утгатай юм. Хоцорсон ч гэсэн шагнал авах нь үнэндээ ичгэвтэр явдал биш гэж үздэг байж. Эхэн үедээ “Тур де Франс”-д “баян ходоод” болохоор уралдаж байсан түүх ч бий. Зориуд хамгийн сүүлд ирэхийн төлөө “өрсөлдөж” байсан гэсэн үг. Энэ нь олон нийтийн болон хэвлэл мэдээллийнхний анхааралд орох бас нэгэн арга гэж үзэж байлаа. 1980 онд “Тур де Франс”-ын зохион байгуулагчид “Улаан дэнлүү” авахын тулд зориуд хамгийн сүүлд ирсэн дугуйчдыг хасна гэж албан ёсоор зарлахад хүрчээ. Энэ уралдааны хамгийн алдартай “баян ходоод” бол Бельгийн дугуйчин Вим Ванселвенант бөгөөд гурван удаа хүртсэн аж. Үүний дараа тэрбээр спортын замналаа орхиж, тариачин болсон түүхтэй.
Ташрамд өгүүлэхэд, Францын “L’Auto” сониныхон (одоогийн “L’Еquipe”) сурталчилгааны төсөл болгон анх уг уралдааныг зохион байгуулжээ. Тэдний зорилго нь “Le рetit journal” сонины ивээн тэтгэдэг дугуйн уралдаантай өрсөлдөх байжээ. Энэ уралдааныхаа үр дүнд 1903 онд “L’Auto”-гийн захиалагчийн тоо 65 мянгад хүрч даруй 40 мянгаар өссөн гэдэг.
Бэлтгэсэн Э.Хана