Коронавирусийн цар тахал эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд анх удаа Бээжин өндөр албан тушаалын хэд хэдэн төлөөлөгч хүлээн авч байна. Арабын орнуудын Гадаад хэргийн дөрвөн сайд болон Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Хятадын нийслэлд иржээ. Тэдний араас Ираны Гадаад хэргийн сайд ирэх аж. Нефть нийлүүлэлтийн аюулгүй байдалд Хятадын эрх баригчид санаа зовж буйг энэ айлчлалууд илтгэж байна гэж ажиглагчид тэмдэглэв. Үүнтэй холбоотойгоор өнөөг хүртэл Бээжинг Персийн булангийн байдал түгшээдэг байсан бол өдгөө Казахстан айлгадаг болжээ.
АНУ-ЫГ ЗАЛХААХ ОРОЛДЛОГО
Саудын Араб, Кувейт, Бахрейн, Оманы Гадаад хэргийн сайд нар болон Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Наиф аль-Хаджраф Бээжинд тав хоногийн айлчлал хийж байгаа юм. Тэд Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийхийн сацуу олон талын уулзалтуудад оролцох аж. Тухайлбал, энэ онд Саудын Араб улсад хийхээр товлосон дээд хэмжээний “Хятад-Араб дахин” анхны уулзалтад бэлтгэх ажлыг хэлэлцэх гэнэ. Ойрхи Дорнод болон Африк тивд Бээжин идэвхтэй үйл ажиллагаа явуулж, бүс нутгийн улсуудтай худалдаа төдийгүй стратегийн харилцаа тогтоож байна. Персийн булангийн Арабын хаант улсуудын хувьд Хятад бол худалдааны гол түнш нь. Персийн булангийн статистикийн төвийн мэдээлснээр 2020 онд тус бүс нутгийн орнуудын барааны эскпортын 19 хувь нь Хятадад ногджээ. Энэ нь мөнгөн дүнгээр 83.1 тэрбум ам.доллар аж. Персийн булангийн орнуудаас тус улсад түүхий нефть, байгалийн хий голдуу нийлүүлсэн байна.
Үүний адил тус булангийн орнуудын импортын 20 хувийг Хятадын бараа эзэлжээ. Энэ нь 80.4 тэрбум ам.доллароор хэмжигдэх юм. Хоёр тал бараа эргэлтээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж буй. Хятад, Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнууд хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээр гарын үсэг зурахаар төлөвлөсөнтэй холбоотойгоор энэ долоо хоногийн уулзалт олны анхаарлыг их татаж байгаа юм.
Үүний сацуу Хятадын талын хувьд Персийн булангийн орнуудын төлөөлөгчдийн айлчлал нь АНУ-ыг залхаах бас нэгэн боломж болж байна. “Тус бүс нутгийг хүйтэн дайны талбар болгохыг оролдож буй хүмүүсийн хувьд энэ айлчлал Хятад болон Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааг тасалдуулахын тулд нөлөөллийн хүрээний төлөөх өрсөлдөөнийг цаашид ашиглах нь зохисгүйг тодорхой харуулж байна” гэж Хятадын Коммунист намын Төв хорооны дэргэдэх “Жэньминь жибао” сонинд онцолжээ. Бээжингийн тайлбарласнаар Персийн булан дахь Арабын орнууд болон Израилыг Вашингтон Ойрхи Дорнодоос Хятадыг гаргах фронтын шугам гэж үздэг.
“АНУ Персийн булангийн орнуудыг Тайвань, Шинжаан-Уйгур, Хонконгтой холбоотой асуудлаар Хятадын эсрэг эвсэлд нэгдэхийг уриалсаар байгаа. Тэд мөн Хятад болон Персийн булангийн орнууд хоорондын цэрэг, аюулгүй байдлын салбар, 5G технологи, хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүчний талаар хамтран ажиллахад илт хөндлөнгөөс оролцохыг санаархдаг. Гэсэн ч Персийн булангийн орнууд АНУ-ын шахалтад автаагүй төдийгүй Хятадын байр суурийг тууштай дэмжиж байна” гэж тус сонинд бичихдээ Арабын хаант улсууд сүүлийн үед хамтын ажиллагааны эдийн засгийн бааз суурь нь хумигдаж байгаагаас үүдэн Вашингтонд найдахаас болгоомжлох болсныг сануулжээ. 2020 онд АНУ-ын нефтийн импортын дөнгөж 12 хувийг Персийн булангийн орнууд эзэлсэн гэнэ. Гэтэл мөн онд зөвхөн Саудын Арабаас нийлүүлсэн нефть Хятадын энэ төрлийн импортын 15.9 хувийг эзэлжээ.
Арабын хаант улсуудын болгоомжилдог цорын ганц зүйл нь Хятад, Ираны харилцаа юм. Өнгөрсөн онд Бээжин, Тегеран 25 жилийн урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Түүнчлэн Хятад улс АНУ-ын хориг арга хэмжээг үл харгалзан Ираны нефтийн хамгийн том импортлогч болсон билээ. Гэсэн ч “Жэньминь жибао” сонинд бичсэнээр Персийн булангийн орнууд үүнд санаа зовж байгаагаа илэрхийлээгүй. Бээжин бүс нутгийн өрсөлдөгчдийн хоорондын харилцаанд тэнцвэртэй байдлыг хадгалж, олон улсын тавцанд Тегераныг дэмждэг. Энэ долоо хоногт Персийн булангийн орнуудын төлөөлөгчдийн араас Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан Бээжинд айлчлах нь үүний нэг илрэл юм.
КАЗАХСТАНЫ ТҮГШҮҮР
Казахстанд болсон үйл явдал Хятад болон Арабын орнуудыг түгшээжээ. “Бээжинд Казахстаны нөхцөл байдалд санаа зовох хэд хэдэн шалтгаан бий. Эхнийх нь эрчим хүчний хангамж тасалдах аюул. Хятад нефтийнхээ 15 хувийг Казахстанаар дамждаг хоолойгоор авдаг. Мөн Туркменистанаас авдаг хийн хоолой Казахстанаар дамждаг. Хоёр дахь шалтгаан нь Казахстан улс Хятадын “хэл ам дагуулдаг” Шинжаан-Уйгурын өөртөө засах оронтой хөрш зэргэлдээ оршдог. Гурав дахь нь Төв Азийн нөхцөл байдлыг тогтворгүй болгох нь бүү хэл, Бээжин нөлөөллийн бүсээ гэж үздэг нутагт нь Өрнөдийн хүчний идэвхтэй хөндлөнгийн оролцох боломж” гэж Москвагийн Карнеги төвийн Ази, Номхон далайн бүсийн хөтөлбөрийн захирал Александр Габуев хэлснийг “Коммерсант” сонин уламжилжээ. Хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт нь өргөжиж буй учраас Арабын хаад ч мөн адил Казахстаны байдлыг сонирхдог аж. Зөвхөн өнгөрсөн оны есдүгээр сард Нур-Султан хотод Казахстан, Саудын Арабын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болж, Казахстан дахь тус хаант улсын хөрөнгө оруулалтын түвшинг эрс нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн. Одоогийн байдлаар 100 сая ам.долларын хөрөнгө оруулаад буй. Харьцуулан үзвэл Хятадаас Казахстанд оруулсан хөрөнгө оруулалт 2021 оны эхний хагаст л гэхэд 508 сая ам.доллар болсон байна.