Хууль зүй, дотоод хэргийн яам НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагуудын хөдөлмөрийн дотоод журамд хөндлөнгийн байгууллагаар дүн шинжилгээ хийлгэжээ. Улмаар тус дүн шинжилгээг хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн үйл ажиллагааг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл нээж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын хөдөлмөрийн дотоод журамд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн 11.4.1 заалт туссан эсэхэд хийсэн дүн шинжилгээг “Эрдэм сургалт судалгааны хүрээлэн” НҮТББ-ын захирал Б.Өлзийсайхан, мөн хүрээлэнгийн судлаач Г.Түвшинжаргал оролцогч нарт мэдээлэл хүргэж, танилцууллаа. Энэ үеэр Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэн Л.Мөнхтулга “Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг хийв. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх зүйлийн хэрэгжилтийг хангах цахим сургалтыг 2022 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд нийслэл болон 21 аймаг дахь харьяа агентлаг, байгууллагын удирдах албан тушаалтнуудыг хамруулан зохион байгуулах гэж байна.