Америкийн Мэриленд их сургуулийн Анагаах ухааны төвийн мэс засалчид дэлхийд анх удаа гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгажээ. Гений хувьд өөрчилсөн эл зүрхийг шилжүүлэн суулгах нь 57 настай, өвчтөн Дэвид Беннетийн амьд явах ганц боломж байв. Дөрөв хоногийн өмнө хийсэн, долоон цаг үргэлжилсэн эл хагалгаа амжилттай болж, одоо түүний бие сайн байгаа тухай мэс засалчид мэдээлжээ. Энэ мэс засал нь зүрхний донор хомсодсон асуудлыг шийдэх учиртай гэж мэс засалч Бартли Гриффит хэлсэн байна. OrganDonor.gov цахим хуудсанд мэдээлснээр зөвхөн АНУ-д 100 мянга орчим хүн донор хүлээж буй бол хоногт 17 өвчтөн зүрх шилжүүлэн суулгуулж чадаагүйгээс нас бардаг аж.