Европ болон Оросын хилийн аюулгүй байдлыг ОХУ, АНУ-ын төлөөлөгчид мэргэжлийн түвшинд, гүн гүнзгий хэлэлцэв. ОХУ-ын эрх баригчдын шаардсан аюулгүй байдлын баталгааны асуудлаарх ОХУ, АНУ-ын эхний эл хэлэлцээ Швейцарын Женев хотод боллоо. Хаалттай болсон уулзалтын дараа талууд мэдэгдэл хийж, хэлэлцээ үргэлжилнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
ОХУ-ын төлөөлөгчдийг Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нар тэргүүлсэн бол Америкийн талыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Уэнди Шерман, Төрийн нарийн бичгийн даргын зэвсэглэлд хяналт тавих асуудал эрхэлсэн орлогч Бонни Женкинс нар төлөөлсөн байна. НАТО-г өргөжүүлэхээс татгалзах тухай Москвагаас тавьсан шаардлага, Украинтай залгаа хил дээрээ ОХУ цэргээ төвлөрүүлсэнд Өрнөдийн орнууд түгшиж буй нь дээд хэмжээний уулзалтын гол сэдэв байв.
“НАТО-ГИЙН ГИШҮҮН БОЛОХГҮЙ ГЭСЭН БАТАЛГАА ХЭРЭГТЭЙ”
“Украин хэзээ ч НАТО-гийн гишүүн болохгүй гэдэгт итгэлтэй байх нь бидэнд туйлын чухал. 2008 онд Бухарестад баталсан томьёоллыг Мадридад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар хүчингүй болгож, “Украин болон Гүрж хэзээ ч Умард Атлантын эвслийн гишүүн болохгүй” хэмээн сольж өгөхийг хүсэж байна” гэж Оросын төлөөлөгчдийн тэргүүн Сергей Рябков мэдэгджээ. “Бидэнд хоосон яриа бус, НАТО-гийн гишүүн болох ёсгүй гэсэн төмөр бетонон баталгаа хэрэгтэй. Энэ бол Оросын үндэсний аюулгүй байдлын асуудал” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Үүний хариуд АНУ-ын төлөөлөгч Уэнди Шерман “Нэг улс нөгөөгийнхөө НАТО-д орох хаалгыг хаахыг бид зөвшөөрөхгүй. Хоёр талын асуудлыг бид холбоотнууд, түншүүдтэйгээ зөвлөлдөж, зохицуулах үүрэгтэй” гэв.
“УКРАИН РУУ ДОВТЛОХГҮЙГЭЭ НОТЛОХ БОЛОМЖТОЙ”
“Орос улс Украинд халдан довтлох гээгүй учраас энд наймааны ямар ч сэдэв байхгүй. Украин дангаар, эсвэл Өрнөдийн орнуудтай хамтран санаатай өдөөн хатгалга үйлдэж болзошгүйд бид санаа зовж байна” гэж С.Рябков хэллээ. “Оросууд олон нийтэд мэдэгдсэнчлэн халдан довтлохгүй гэдгээ бидэнд хэлсэн гэвэл та бүхэн гайхахгүй байх. Нөхцөл байдлыг намжааж, цэргээ хуаранд нь эгүүлэн татах байдлаар довтлохгүй гэдгээ нотлох боломж тэдэнд бий” гэж Уэнди Шерман мэдэгджээ.
Энэ удаагийн уулзалт нь ОХУ болон Өрнөдийн орнуудын хооронд аюулгүй байдлын асуудлаар ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн дээд хэмжээний гурван уулзалтын эхнийх. Өнөөдөр Бельгийн Брюссель хотод Орос, НАТО-гийн зөвлөлийн хуралдаан, маргааш Австрийн нийслэл Венад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шугамаарх хэлэлцээ болно. НАТО, Оросын зөвлөлийн хуралдааны үеэр Европ дахь цэргийн үйл ажиллагаа, ил тод байдал, зэвсэглэлд хяналт тавих асуудлыг хэлэлцэнэ гэж тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдээлэв. Тэрбээр Норвегийн Ерөнхий сайд байхдаа ОХУ-тай хэлэлцээ хийсэн бөгөөд энэ удаа ч зөвшилцөлд хүрч чадна хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.