Хөдөө ажиллаж, амьдарч, уран бүтээлээ туурвидаг, бичдэг 700 гаруй сэтгүүлч нийслэлд чуулж буй. Тэд өчигдөр Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр оронд нутагт авлига их байгааг шүүмжилсэн юм. Тэгвэл Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяр “Иргэний мэдэх эрх” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт-зөвлөгөөнд оролцож, “Орон нутаг дахь авлигын нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл, танилцуулга хийв.
УИХ-ын Парламентын сурталчилгаа мэдээллийн төв, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос хамтран зохион байгуулсан “Иргэний мэдэх эрх” сэдэвт уулзалтад 21 аймгийн 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.
Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгаагаар аймаг тус бүр ямар оноо авсан талаар Ц.Шинэбаяр танилцуулаад 2020 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 1331 хэргийн 669 буюу 50.3 хувь нь орон нутгийн харьяалалтай хэрэг байгаа талаар мэдээлэв. Тэр хэрээр орон нутагт авлига, хээл хахууль, хүнд сурталтай холбоотой асуудал анхаарал татах хэмжээнд байдгийг уулзалтад оролцсон сэтгүүлчид хөндөж байлаа.