Цөмийн зэвсэгтэй гүрнүүд тодорхой арга хэмжээ авахгүй бол цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц бий болгох боломжгүй гэж Японы Ерөнхий сайд Фүмио Кишида үзэж байгааг NHK телевиз уламжлав. “Атомын бөмбөгдөлтөд өртсөн цорын ганц орны хувьд Япон Улс дэлхий ертөнцийг цөмийн зэвсэггүй болгоход туслах ёстой. Гэхдээ цөмийн зэвсэгтэй гүрнүүд тодорхой алхам хийхгүй бол өнөөгийн байдал өөрчлөгдөхгүй” гэж тэрбээр хэлсэн байна.
Цөмийн зэвсэг хориглох тухай гэрээ байх нь маш чухлыг Ф.Кишида тэмдэглээд, одоо үүнд цөмийн зэвсэгтэй гүрнүүд оролцохгүй байгааг сануулав. “Цөмийн зэвсэгтэй гүрнүүд нэгдсэн баримт бичиг гэвэл одоо Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ байна. Тиймээс Япон Улс энэ баримт бичгийг үндэс болгон Цөмийн зэвсэг хориглох тухай гэрээнд ойртуулахад ямар нэгэн байдлаар туслах ёстой” гэж тэрбээр хэлсэн аж.
ОХУ, Британи, Хятад, АНУ, Франц зэрэг цөмийн зэвсэгтэй нэг ч гүрэн оролцоогүй хэлэлцээний үр дүнд НҮБ-ын гишүүн 122 орны дэмжлэгтэйгээр 2017 оны долдугаар сарын 7-нд АНУ-ын Нью-Йорк хотод Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээг баталсан. Уг баримт бичгийг өнгөрсөн оны нэгдүгээр сард 50 гаруй улс соёрхон баталснаар хүчин төгөлдөр болсон юм. Цөмийн зэвсэгтэй гүрнүүд үүнд нэгдээгүйн адил Япон эл гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан билээ.