Аюулгүй байдлын баталгааны тухай Орос, Америкийн хэлэлцээний өмнө Европ дахь цэргийнхээ тоог бууруулах асуудлыг АНУ хэлэлцээгүй гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Өнөөдөр Швейцарын Женев хотноо ОХУ, АНУ-ын аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээ болно. Энэ сарын 12-нд Орос, НАТО-гийн зөвлөлийн хуралдаан болох бол 13-нд ОХУ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны төлөөлөгчдийн хэлэлцээ болох юм.
АНУ-тай хийсэн аюулгүй байдлын баталгааны тухай гэрээ, Орос болон НАТО-гийн гишүүн орнуудын аюулгүй байдлын арга хэмжээний тухай хэлэлцээрийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд ОХУ-ын ГХЯ нийтэлж, Америкийн Төрийн нарийн бичгийн даргын туслах Карен Донфридэд өгсөн юм.