Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээнд оролцогчид хоорондын санал зөрөлдөөн мэдэгдэхүйц багассан тухай Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд, тус улсын төлөөлөгчдийн тэргүүн Али Багери Кани мэдэгдэв.
Хүндрэл бэрхшээл тулгарсан зөвлөлдөх уулзалтад оролцогчдын дийлэнх нь өдгөө хүрээд байгаа ахиц дэвшлийг эцсийн тохиролцоо хийхэд хүрэхэд хангалттайг тэмдэглэж буй аж. 2015 онд Ираны цөмийн асуудлаарх гэрээг зөрчсөн АНУ-тай тохиролцоонд хүрвэл тус улс бүх хориг арга хэмжээгээ цуцалсны дараа Иран уг баримт бичигт заасан үүргээ биелүүлэхээ Али Багери Кани хэлжээ. Үүний өмнө Ираны ГХЯ-ны сайд Хоссейн Амир Абдоллахиян Катарын “Аль-Жазира” телевизэд ярилцлага өгөхдөө цөмийн хөтөлбөрийн асуудлаарх найм дахь удаагийн зөвшилцөл “хэлэлцээг буцаан замд нь орууллаа” гэжээ. Түүний хэлснээр Өрнөдийн түншүүд нухацтай хандаж, шаардлагатай хүсэл зоригоо илэрхийлбэл тохиролцоонд хүрэх сайхан боломж бий аж. Мөн Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан Венад болж буй хэлэлцээ амжилтад хүрэх боломжтой гэдгийг тэмдэглээд, тохиролцоо хийхэд бага хугацаа үлдсэн гэжээ.
Ираны цөмийн асуудлаарх хамтын ажиллагааны хэлэлцээрийг анхны хэлбэрээр нь сэргээж, АНУ-ыг олон талт эл баримт бичигт эгүүлэн нэгтгэх зорилготой яриа хэлэлцээ Австрийн Вена хотод энэ сарын 3-нд эхэлсэн юм. Иран болон олон улсын таван зуучлагчийн (Орос, Британи, Герман, Хятад, Франц) хамтарсан комиссын хуралдаанаас талууд хэлэлцээрийн төслийн явцыг түргэтгэж, ирэх сарын эхээр дуусгахаар тохиролцов.