Дэлхийд 2020 оны гуравдугаар сараас хойш 94 орны наад зах нь 1940 сэтгүүлч коронавирусийн улмаас нас барсан тухай Швейцарын Женев хот дахь “Press emblem campaign” байгууллагаас мэдээллээ. Хамгийн олон буюу 295 сэтгүүлч Бразилд уг вирусийн халдвар авч нас баржээ. Дараа нь Энэтхэг (279), Перу (199), Мексик (122), Колумб (79), Бангладеш (68), АНУ (67), Итали (61), Венесуэл (59) оров. Жагсаалтын эхний 10-ын сүүлийг Эквадор (51) мушгижээ. Тус байгууллага өнгөрсөн онд 1400 сэтгүүлч нас барсныг бүртгэж, 50 тохиолдлын нөхцөл байдлыг судалж байна.
Тухайн улсын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэлийн холбоо, бүс нутгийн зохих байгууллагуудын мэдээллийг үндэслэн дээрх тоо баримтыг нийтэлжээ. “Бодит тоо үүнээс өндөр гарна. Учир нь сэтгүүлчдийн нас барсан шалтгаан тэр бүр тодорхойгүй байдгийн сацуу олон нийтэд зарладаггүй. Зарим улсад баттай мэдээлэл байдаггүй” гэж “Press emblem campaign” байгууллагаас мэдээллээ. Хэвлэл мэдээллийн ажилтнууд халуун цэгээс мэдээлэл өгөх үүрэгтэй тул цар тахлын үед онцгой эрсдэлд өртсөнийг тус байгууллага тэмдэглэв. “Press emblem campaign” нь 2004 онд байгуулагдсан бөгөөд НҮБ-ын дэргэд зөвлөлдөх статустай байгууллага юм.