Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй, удаан үргэлжилсэн ган гачгийн улмаас Энэтхэгийн далайд орших Мадагаскарын 1.3 сая иргэн хүнсний хомсдолд ороод байна. Тус улсын өмнөд нутагт дөрвөн жил дараалан ган гачиг болсноос гол, мөрөн ширгэж, фермүүд сүйрсэн гэж НҮБ-ын албаны хүмүүс мэдэгдэв. Арлын энэ улсын гол салбар нь хөдөө аж ахуй юм. НҮБ-ын мэдээлснээр Мадагаскар нь зэвсэгт мөргөлдөөнөөс бус, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй өлсгөлөнд нэрвэгдсэн дэлхийн анхны улс болж магадгүй байна. Усны хомсдол нь газар тариалан эрхлэх боломжийг хязгаарлажээ. Тариаланчид бас ундны усаа ч худалдан авч буй учраас хүнсэнд мөнгө хүрэлцэхгүй байгаа гэнэ. НҮБ Мадагаскарт яаралтай хүнсний тусламж үзүүлж буйг олон улс дэмжиж байна. Япон Улс энэ санаачилгад 2.6 сая ам.доллар зориулжээ.