Коронавирусийн шинэ хэлбэр болох “B.1.640”-ийн анхны халдвар өнгөрсөн оны есдүгээр сард тархаж эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 22-ноос өөрчлөлтөд нь байнга хяналт тавьж, “ажиглалтад байгаа хэлбэр” статус өгснөө ДЭМБ-аас мэдээлснийг ВВС уламжиллаа. Энэ нь тус байгууллагын ангиллын хамгийн доод түвшин юм. Хэрэв сэжиг нэмэгдвэл “анхаарал татахуйц” болж, дараа нь “санаа зовоосон” түвшинд шилждэг. ӨАБНУ-д өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-нд илрүүлсэн омикрон эдгээр шатлалыг хэдхэн өдрийн дотор дамжсан гэнэ. Харин шинэ гэгдэх “B.1.640” хэлбэрийн түвшин сүүлийн нэг сар хагасын хугацаанд өөрчлөгдөөгүй аж.
Францын өмнөд нутагт коронавирусийн шинэ хэлбэр илэрсэн тухай Австрийн “Heute” сонинд мэдээлснээс үзвэл Камерунд аялаад Францад ирсэн хүнээс “Ковид-19”-ийн үл мэдэх хэлбэрийн халдвар авсан байжээ. Африкийн эл улсад вирусийн энэ хэлбэрийг үүсгэгч тархсан байхыг шинжээчид үгүйсгэсэнгүй. Францын эрдэмтэд коронавирусийн шинэ хэлбэрээс 46 мутаци илрүүлжээ. Шинэ вирусийн аюул, халдварын түвшин одоогоор тодорхойгүй хэвээр байна.